Азийн залуучуудын V пара наадамд Монголоос 18 тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-08 14:07:22

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадам өчигдөр хөшгөө нээлээ.


Тус наадамд 35 орны 1500 баг тамирчин 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж. Тэгвэл манай улсаас пара хөнгөн атлетикийн төрөлд 12, бочигийн спортод тав, пауэрлифтингээр нэг тамирчин 16 дасгалжуулагч, асран хамгаалагч, багийн албаны хүмүүс зэрэг 34 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор Дубайд очжээ.


Тодруулбал, хөнгөн атлетикийн U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С.Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн, U17 насанд Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм. Харин пара бочигийн U22 насны ангилалд  Д.Дагмидмаа, Б.Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат нар өрсөлдөнө. Тэгвэл пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд эх орноо төлөөлөх юм.





相关新闻