“Эх, хүүхдийн нэрэмжит” хандивын барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн хандивын барилдааныг зохион байгууллаа.
Тус барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын залуу арслан Э.Батмагнай түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Улсын арслан Э.Батмагнайгийн хувьд энэ улирлын намрын нээлтээс хойш таван барилдаанд зодоглохдоо хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, нэг удаа их шөвөгт шалгарчээ. Үүнээс гадна үндэсний бөхийн лиг “Алтан цом”-ын барилдаанд ганцаараа нэг ч унаагүй яваа юм. Тэгвэл улсын начин Б.Даваа-Очирын хувьд энэ улиралд анх удаа үзүүрлэлээ. Тэр үүнээс өмнө дунд шөвөгт шалгараад байсан юм. Улсын начин Б.Даваа-Очир Бөхийн өргөөний барилдаанд хоёр түрүүлж, гурав үзүүрлэснээс гадна их шөвөгт ес, шөвгийн наймд 23 удаа шалгарсан амжилттай боллоо. Ингэхдээ тэр 256 бөхийн найман даваатай наадамд хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн аж.
Тус барилдааны
шөвгийн дөрөвт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан
даян” дэвжээний бөх, улсын харцага Д.Бат-Эрдэнэ,
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их
Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Цэдэнсодном нар
шалгарлаа.
Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Л.Энхсаруул, аймгийн харцага Б.Сайнбаяр нар шалгарлаа.
Уг барилдааны түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийг цагтаа мэргэжлийн сумогийн макүүшита зиндаанд барилдаж байсан Н.Аюурзана Японы “Орихиро” брэндийн витаминаар байлжээ. Тэгвэл барилдааныг үеэр азтай үзэгчийг тодруулахад Ховд аймгийн Дарви сумын харьяат иргэн “Тоёота Сиента” маркийн автомашины эзэн болж, түлхүүрээ гардан авлаа. Барилдаанаас олсон бүх орлого болон үзэгчдийн хандив, бөхчүүдийн бай шагнал, жаяг дэгийн багийнхны ажлын хөлс зэрэг нь хандив болж, түүгээр 21 аймаг, 330 гаруй суманд хүүхэд багачуудын мэс заслыг ЭХЭМҮТ-өөс удирдан чиглүүлэх алсын зайн эмчилгээний тоног төхөөрөмж авахад зориулах юм.




Ulaanbaatar