Сумдын баяр наадмын түрүүч өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-04 19:18:35
Дундговь/МОНЦАМЭ/Өнөөдөр аймгийн Засаг дарга захирамж гаргаж, хөдөөгийн 14 сумын баяр наадмын товыг тогтоосон байна. Байгаль цаг агаар, цаг үеийн ажлын нөхцөл байдалтай уялдуулан сумдын баяр наадмын товыг ялгаатай тогтоожээ.
Сумдын баяр наадам долдугаар сардаа багтана. Хамгийн эхэнд буюу долдугаар сарын 4- 5- нд Адаацаг сум баяр наадмаа хийх бол 8- 9- ны өдөр Цагаандэлгэр, 9- 10- ны өдөр Говь- Угтаал, Дэрэн, 10- ны өдөр Өлзийт сум тус тус баяр наадамтай. Улсын баяр наадмын дараа долдугаар сарын 18- 19- нд Эрдэнэдалай, 20- 21- нд Сайхан- Овоо, Луус, 21- 22- нд Дэлгэрцогт, 22- 23- нд Баянжаргалан, Гурвансайхан, Дэлгэрхангай, Хулд, Өндөршил сумынхан баяр наадмаа зохион байгуулах юм байна.
Харин  аймгийн төвийн Сайнцагаан сумын хувьд долдугаар сарын 29- 30- ны өдрүүдэд баяр наадамтай. Энэ удаагийн баяр наадмыг их номч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ойд зориулан “Алтан дэвтэр” даншиг наадам болгон зохион байгуулахаар зэхэж байгаа юм.

Т. Отгонтуяа  
相关新闻