Израилийн Ерөнхий сайд асан Э.Ольмерт шоронгоос суллагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-29 16:37:58
ТЕЛЬ-АВИВ./TASS/. Авлигын хэргээр шүүхээс 27 сарын хорих ял сонссон Израиль улсын Ерөнхий сайд асан өдгөө 71 настай Эхуд Ольмерт эдэлбэл зохих ялаас 16,5 сарын ялыг биечлэн эдэлсэн ба түүнийг хугацаанаас нь өмнө суллах хүсэлтийг Израилийн шоронгуудыг удирдах газрын магадлан суллах комисс хүлээн авч, зөвшөөрчээ. Энэ тухай пүрэв гарагт “Haaretz” сонинд мэдээлсэн байна. 

2016 оны 2 дугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл “Маасиягу” шоронд хоригдож байгаа Э.Ольмерт энэ 7 дугаар сарын 2-нд суллагдахаар болсон аж.

Израилийн 12 дахь Ерөнхий сайд Эхуд Ольмерт тус улсын түүхэн дэх шоронд орсон хамгийн анхны төрийн тэргүүн асан юм. Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос нь хойш нэг жилийн дараа буюу 2007 онд түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. Тэрбээр 2008 оны 9 дүгээр сард огцрох өргөдлөө өгсөн хэдий ч  Ерөнхий сайдын үүргээ 2009 оны 3 дугаар сар хүртэл гүйцэтгэсэн юм.

Э.Ольмертод оноосон 27 сарын ялын 18 сар нь хахууль авсны учир оноосон ял бол үлдсэн 8 сар нь бусдын итгэлийг буруугаар ашиглаж, луйвар хийсний учир, мөн үүн дээр хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсны учир оноосон 1 сарын ял ажээ.

“Haaretz” сонинд бичсэнээр, Э.Ольмертыг хугацаанаас нь өмнө суллахыг прокурорын зүгээс эсэргүүцэж байгаа ажээ.
О.Барс 

 
相关新闻