Ватиканы жасын нярав Австралийн шүүхэд дуудагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-29 14:34:33

ЛОНДОН./BBC/. Ватиканы мөнгөн сангийн нярваар ажилладаг Австралийн хамба лам Жорж Пелл насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуун явдалд уруу татсан хэрэгт холбогдсон тухай Австралийн Виктория мужийн цагдаагийн газар мэдэгджээ.

Одоогоор Италийн Ром хотод амьдарч буй Ж.Пелл 7 дугаар сарын 18-нд Мельбурн хотод болох шүүх хуралд оролцох ёстой юм. Харин хамба ламтан өөрийг нь буруутгаж буй үндэслэлийг эрс няцаагаад “ариун нэр төрөө хамгаална” гэж мэдэгджээ. 

Хүүхдүүдийг хүчирхийлсэн хэргүүд болон иймэрхүү хэргүүдийг нуун далдлахад католик сүмүүдийн оролцоо ямар байсан гэдгийг мөрдөн шалгах тусгай комисс Австралид байгуулагдсан байна.

Комисс байгуулагдах болсон шалтгаан нь хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэргээр ял эдэлсэн Жеральд Рисдейл гэгч санваартантай холбоотой ажээ. Тэрбээр 1960-1980-аад оны хугацаанд нийтдээ 130 эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр ял сонссон байна.

Харин Ж.Пелл 1970-аад оны эхээр Рисдейлтэй хамт нэг байшинд амьдарч байсан учраас түүний үйлдсэн хэргүүдийн талаар мэдэж байх ёстой, мөн бусад санваартнуудын хийсэн зүй бус үйлдлийн талаар ч мэдэж байх ёстой гэж тусгай комисс үзжээ. Ингээд Ж.Пелл энэ оны 2 дугаар сард тус комисст мэдүүлэг өгсөн байна.

Энэ оны эхээр Австралийн католик сүмийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, санваартнуудын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд 213 сая долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн аж.

О.Барс   

相关新闻