Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг онгоцны шатаар мөлхүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-29 13:56:02
ТОКИО. /ВВС/. Тэргэнцэртэй зорчигчийг нисэх онгоцны шатаар мөлхүүлсэндээ Японы иргэний агаарын тээврийн “Vanilla Air” компани өчигдөр уучлалт гуйжээ.

Зорчигч Хидэто Кижима нь өнгөрсөн сард Осака хотоос Амами арал руу нисэхдээ найзуудынхаа тусламжтайгаар онгоцонд суужээ.

Харин тус арлаас буцаж ирэх үед нь агаарын тээврийн компанийн ажилтнууд түүнд “аюулгүй байдлын үүднээс хэрвээ бусдын тусламжгүйгээр шатаар гарч чадахгүй бол таныг онгоцонд суулгахгүй” гэж хэлсэн байна.

Үүнийг сонссон Х.Кижима шатнаас татан тэргэнцрээсээ босч, шатаар мөлхөн онгоцонд суусан гэнэ.

Х.Кижима бол туршлагатай аялагч бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Japan Accessible” төвийн тэргүүн аж.

Тэрбээр “1990 онд сургуулийн регбигийн тэмцээний үеэр хальтирч унан хөлөө хугалснаас хойш би  дэлхийн 150 орны 200 гаруй нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн. Нисэх онгоцны буудлуудад тэргэнцэртэй зорчигчдод зориулсан тусгай төхөөрөмжүүд байдаггүй. Би хаа явсан газраа найз нөхөд болон нисэх буудлын ажилтнуудын тусламжаас хараат байдаг байсан. Бусдын тусламжаас хараат явдаг байсан хэдий ч энэ удаагийнх шиг “онгоцонд суулгахгүй, эсвэл өөрөө мөлхөөд суу” гэж хэлж байсан тохиолдол байхгүй ” гэж блог хуудсандаа бичжээ.

“All Nippon Airways” иргэний агаарын тээврийн охин компани болох “Vanilla Air” компани ажилтнуудынхаа өмнөөс Кижимагаас уучлалт гуйхын сацуу тэргэнцэртэй хүмүүсийг саадгүй зорчуулах үүднээс шинэ арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Энэ он гарснаас хойш иргэний агаарын тээврийн компаниудын ажилтнууд зорчигчидтой зүй бусаар харьцсан тохиолдол нэг бус удаа гарсан юм. Тухайлбал, дөрөвдүгээр сард АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компанийн хамгаалалтын албаныхан суудлаа сайн дураараа тавьж өгөхөөс татгалзсан вьетнам гаралтай америк эмчийг нисэх онгоцноос хүч хэрэглэн буулгасан билээ. Энэ хэргийг харуулсан дүрс бичлэг интернэтэд тавигдсанаар “United Airlines”-ыг дэлхий даяар шүүмжлэх болсон ба үүнээс үүдэн тус компани бодлогоо өөрчилж, гэмтэл авсан эмчид нөхөн төлбөр олгосон юм.
 
Г.Доржханд
 
 
相关新闻