Говийн их дархан цаазат газарт тахийн гүү нутагшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Олон улсын Тахь групп, Чехийн Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран тахийн дөрвөн гүүг Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт нутагшуулахаар энэ сарын 20-нд тавилаа.
Тахийг Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд Чехийн СASA онгоцоор авчирсан байна.
Энэхүү тахь нутагшуулах ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөллүүд, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Монгол Улсад 1968 оноос хойш устах аюулд өртөөд байсан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах зорилготой Тахь нутагшуулах төслийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Энэ оны эхний хагас жилд тахийн сүрэг 55 унагаар бүл нэмснээр Монгол Улсад 600 гаруй тахьтай болоод байна.
Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогдоно. Энэхүү дархан цаазат газар Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагт оршдог.
А.Бямбасүрэн