Хамгийн олон гэр цэцэрлэг Эрдэнэдалай суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-21 19:35:13
Дундговь/МОНЦАМЭ/ Малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор хөдөө талын сэрүүн дэнж дээр гэр цэцэрлэгүүд үүдээ нээдэг. Дундговь аймагт одоогийн байдлаар арваад сум гэр цэцэрлэг ажиллуулж байна. Зарим сум сонгууль дууссаны дараа цэцэрлэгээ нээхээр зэхжээ.
Ихэнх сум 1- 2 цэцэрлэг нээдэг. Хамгийн олон буюу дөрвөн гэр цэцэрлэгийг Эрдэнэдалай сум нээсэн байна. Тус сумын Цагаан- Овоо, Өнгөт, Рашаант багт гэр цэцэрлэгүүд ажиллаж, зуу гаруй хүүхдийг хамруулжээ.  
Тус сум цэцэрлэгийн насны 600 гаруй хүүхэдтэй. Үүний 315 нь энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан бол үлдсэн хүүхдүүдээс ийнхүү зуны цэцэрлэгийг зорин ирсэн байна.
“Ойрын цэцэрлэг сумын төвөөс 30- 35 км, хамгийн хол нь 90 км-т Рашаант багийн Их булаг хэмээх газар ажиллаж байна. Ихбулагт жил бүр цэцэрлэгээ нээдэг. Малчид 20-35 км- ээс хүүхдээ цэцэрлэгт хүргэж ирээд орой тарахын цагт ирж авна. Харин хол нутагладаг малчдын хувьд хүүхдээ хэд хоногоор цэцэрлэгт байрлуулж, суралцуулах боломжтой байдаг” гэж Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн эрхлэгч Х. Цэрэн ярилаа. 
Сүүлийн хоёр жил Дэлхийн Зөн байгууллага гэр цэцэрлэгийн хоол хүнсэнд зориулж 2 сая төгрөгийн санхүүжилтээр тус сумын цэцэрлэгт тусалж байгаа ажээ.
 
 Т. Отгонтуяа 
 
 
相关新闻