Хаднаас унасан малчны биеийн байдал хүнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон сумын нэг малчин сураггүй алга болсныг олжээ.
Тус сумаас зүүн урд зүгт 40 км-т Богт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газраас малчин н.Төмөрбаатар энэ сарын 19-ний өдрийн 13 цагийн үед малдаа яваад сураггүй болсон байна. Тухайн дуудлагыг өчигдөр өглөө 09:24 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 19 хүн хоёр машинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн багийнхан орой 16 цаг 20 минутад тус багийн “Улаан дэлийн бууц” гэдэг газраас өндөр хадан дээрээс унаж нуруу болон хөл гар нь гэмтсэн байдалтай байхад нь олсон байна. Улмаар эмнэлгийн тусламж үзүүлэн аймгийн БОЭТөвд шилжүүлэн өгчээ.
"Иргэн н.Төмөрбаатарын биеийн байдал хүнд байгаа бөгөөд цээжний баруун тал гэмтсэн, уушиг гэмтсэн, тархиндаа гэмтэлтэй, духны яс цөмөрсөн, зөөлөн эд ихээр гэмтсэн байгаа. Одоогоор эмийн эмчилгээ хийж байна" гэж БОЭТөвийн гэмтлийн тасгийн их эмч н.Батцэнгэл ярилаа.
Түүний унасан газар нь Хөрхийн уул гэж маш өндөр хад асгатай Алтайн салбар уулсын үргэлжлэл юм. Тэрээр мотоцинкль явах боломжгүй газраар явган явж уулнаас малаа буулгаж байсан байна.
Д.Мишигсүрэн