Өмнөговьд огт байгаагүй шумуул өнгөрсөн жилээс элбэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 06:52:13
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьд шумуул их болж байгаатай холбоотойгоор аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийнхнөөс мэдээлэл авлаа.
"Бид шумуулд өвчин байгаа эсэх тал дээр өнгөрсөн оноос тандалт эхлүүлсэн. Тогтмол устай шумуул элбэг байдаг газрууд буюу Төхмийн гол, Улаан нуур, Далангийн гол зэрэг газруудаас шумуулын дээж авч ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан. Шинжилгээний хариу ямар нэгэн халдварт өвчин байхгүй гэсэн хариу ирсэн. Энэ жилийн хувь 7 дугаар сарын дунд үеэс дахин шумуул тандах ажил эхэлнэ" гэж тус аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийн дарга Д.Алтанчимэг ярилаа. 

Ер нь Өмнөговь аймагт нутгийнхны хэлж заншсанаар "Дүүжин шар" нэртэй жижиг шумуул байдаг. Гэтэл өнгөрсөн жилээс тус аймагт өмнө нь байгаагүй том шумуул байх болжээ. Нисдэг шавьжны нүүдэл гэж байдаг боловч энэхүү шумуулыг нүүдэллэж ирсэн эсэхийг судалсан газар байхгүй байгаа юм. 
Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар чийглэг орчинтой, мод, зүлэг ихтэй газруудад шумуул үрждэг гэнэ.  Ямартаа ч Өмнөговь 
аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийнхөн шумуулд хазуулахгүй байх тал дээр иргэд өөрсдийгөө хамгаалахыг зөвлөж байна.
Д.Мишигсүрэн
相关新闻