Шалгалтаар 9 орон тоог нөхөхөөр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж 9 орон тоог нөхөхөөр болсон байна.
Энэхүү шалгалтанд 57 хүн оролцож, түшмэлд 43, туслах түшмэлд 14 хүн өрсөлдсөнөөс 17 нь тэнцсэн аж. Нийт 12 сул орон тоо зарласнаас 9 орон тоог нөхөхөөр болсон байна.
Шалгалтыг ерөнхий мэдлэг, Ур чадварын түвшин тогтоох, мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулжээ. Мөн шалгалтыг ил тод, шударга зохион байгуулах зорилгоор Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд зохион байгуулагч, хянагчаар ажилласан байна.
Боловсрол соёл урлагийн газрын “Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн”, Эрүүл мэндийн газрын “Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн”, Номгон сумын Засаг даргын Тамгын газрын “Бэлчээр газар тариалан жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн” гэсэн 3 орон тоог шалгалт өгсөн хүн нь тэнцээгүй эсвэл тус орон тоон дээр бүртгүүлээгүй гэх шалтгаанаар нөхөх боломжгүй үлджээ.
Д.Мишигсүрэн