Америкийн 200 сая орчим сонгогчдын хувийн мэдээлэл ил болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./TASS/. АНУ-ын Бүгд Найрамдах намтай гэрээгээр ажиллаж байсан, өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг “Deep Root Analytics” компани алдаа гаргасны улмаас бараг 200 сая орчим америк сонгогчдын хувийн мэдээллийн өгөгдлийн сан интернет сүлжээнд ил болжээ. Энэ тухай даваа гарагт “The Hill” сонинд бичсэн байна.
Мэдээлэл алдагдсаныг компьютерын аюулгүй байдлын асуудал эрхэлдэг “UpGuard” байгууллагын шинжээч Крис Викери илрүүлжээ.
Мэдээлэл алдагдсаныг компьютерын аюулгүй байдлын асуудал эрхэлдэг “UpGuard” байгууллагын шинжээч Крис Викери илрүүлжээ.
“Ашигласан дискний орон зайгаас харвал, энэ нь миний мэдэхээр, мэдээлэл алдагдсан хамгийн ноцтой тохиолдол юм” гэж К.Викери ярилаа.
25 террабайтын хэмжээтэй мэдээллийн санг нууц үгийн хамгаалалтгүйгээр “Amazon” компанид харьяалагддаг өгөгдлийн үүлэн санах ойд байршуулсан байжээ. Уг мэдээллийн санд 198 сая америкчуудын овог нэр, гэрийн хаяг байсан ба өөрөөр хэлбэл, АНУ-ын хүн амын тэн хагасаас илүү олон хүний талаарх мэдээлэл, компьютер загварчлалын аргаар гарган авсан дүн шинжилгээний мэдээлэл, улс төрийн ямар нэгэн асуудлаарх эдгээр сонгогчдын байр суурьтай холбоотой мэдээллүүд байжээ. Тухайлбал, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамаг дэмжих, өнгөрсөн онд Дональд Трампыг дэмжихтэй холбоотой мэдээллүүд байсан байна. 2016 оны сонгуулийн кампанит ажлын дүнгийн талаарх өгөгдлийн санг хамгийн сүүлд энэ оны 1 дүгээр сард шинэчилсэн ба үүний дараа санаандгүй байдлаар олон нийтэд ил болсон нь энэ юм.
“The Hill” сонинд бичсэнээр, хүссэн хүн бүр эдгээр мэдээлэлтэй танилцах бүрэн боломжтой болсон байв. Тодруулбал, дээрх мэдээллүүдийг 6 дугаар сарын 1-14-ны хооронд чөлөөтэй авч болохоор байжээ. К.Викери мэдээлэл алдагдаж байгааг 6 дугаар сарын 12-ны өдөр илрүүлж, энэ тухайгаа алдаа гаргасан компани болон тохируулагч агентлагуудад мэдэгдсэн байна. Тэр даруйд нь энэ алдааг зассан байна.
АНУ-ын сонгогчдын хувийн мэдээлэл алдагдсан энэ тохиолдол нь цар хүрээгээрээ бусад орнуудад тохиолдож байсан иймэрхүү тохиолдлуудаас хавьгүй илүү ноцтой байгаа юм. Тухайлбал, 2016 оны 4 дүгээр сард интернетэд 93 сая мексикчүүд, 55 сая филиппинчүүдийн хувийн мэдээллийн өгөгдлийн сан ил болж байжээ.
О.Барс