Хөлбөмбөгийн эмч нар сургалтанд хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-20 10:15:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т өрсөлддөг 20 клубын эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт болов.

Тус сургалтыг “Эрчим” клубтэй хамтран ажилладаг “Herbalife Nutrition"-ны Монголд дахь төлөөлөгчид зохион байгуулсан юм. Спорт тэр дундаа хөлбөмбөгт элбэг тохиолддог бэртэл гэмтлүүдийн эсрэг ямар эмчилгээ хийх талаар Испанийн хүний их эмч Хулиан Альварез Гарсия манай эмч нарт зөвлөгөө өгсөн байна.



Сургалтаар манай лигийн эмч, шүүгч, дасгалжуулагч нар бэртсэн тоглогчид ямар эмчилгээ хийх, хэрхэн урьдчилан сэргийлэх, зөв хооллолт болон усны хэрэглээгээ яаж зөв зохицуулах талаар үнэтэй зөвлөгөө сонсож, шинэ мэдлэг, чадвар эзэмшжээ.



Олон улсын болон МХБХ-ны тэмцээн бүр заавал эмч, түргэний тэрэгтэй байж тэмцээнээ явуулах ёстой гэсэн хатуу дүрэм байдаг. Тиймээс “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн клубүүд нь заавал багийн эмчтэй байхыг шаарддаг. Уг зайлшгүй шаардлагыг биелүүлэн хөлбөмбөгийн тоглогчдын эрүүл энхийн манаанд зогсдог эмч нар тус сургалтад амжилттай хамрагджээ.

Д.Өлзий
相关新闻