Мексикт 3000 орчим хоригдол эмх замбараагүй байдал үүсгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-20 09:25:04
МЕХИКО./TASS/. Даваа гарагт Мексикийн Нуэво-Леон мужийн “Топо-Чико” шоронд эсэргүүцлийн ажиллагаа болсон нь даамжирч эмх замбараагүй байдал болон хувирчээ.

Эмх замбараагүй байдал үүсэх болсон гол шалтгаан нь саяхан тус шоронд ирсэн онц аюултай нэгэн гэмт хэрэгтэн шоронг хяналтандаа оруулах гэж байна гэсэн цуу яриа байв. Тус бүс нутгийн аюулаас хамгаалах хүчний төлөөлөгч Альдо Суасуа-гийн ярьснаар, эсэргүүцлийн ажиллагаанд гурван мянга орчим хоригдол оролцсон байна.

“Энэ бол шоронд тогтоосон дэг журмыг алдагдуулахын тулд зориуд тараасан цуу яриа” гэж Суасуа ярьжээ. Шорон дахь нөхцөл байдлыг хяналтандаа авах гэж хэн нэгэн хоригдол оролдох явдлыг гаргуулахгүй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Эмх замбараагүй байдлыг дарахын тулд аюулаас хамгаалах хүчнийхэн нулимс асгаруулагч хий хэрэглэсний улмаас хоёр хоригдол гэмтэл авсан байна.

2016 оны 2 дугаар сард “Топо-Чико”-д болсон мөргөлдөөний улмаас 49 хүн амиа алдаж байсан юм.
О.Барс

 

相关新闻