"Элэг бүтэн Төв аймагчууд" өдөрлөгт 400 гаруй иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-19 17:20:13
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд болж давхардсан тоогоор 400 гаруй иргэд оролцон, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авав. 

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны удирдлага, хэлтсийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцов. Улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа Гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг 10 байгууллагын мэргэжлийн 100 гаран эмч, мэргэжилтнүүд оролцож иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ, сургалтыг үнэ төлбөргүйгээр газар дээр нь үзүүлэв.

“Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн 30-с дээш насны 41286 иргэнээс 5000 иргэнийг хамруулах зорилт тавьж, үүнээс 4851 хүнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Элэгний В вирус илрээгүй 318 хүнийг В вирусийн дархлаажуулалтад хамруулсан бол 140 хүнийг С вирусийн эмчилгээнд хамруулжээ.

Мөн “Баруун Зуунмод” өрхийн ЭМТ-тэй хамтран зургаан багийн нийт 634 хүнийг В, С вирус илрүүлэх үзлэгт хамруулж, С вирус илэрсэн 87, В вирус илэрсэн 45 хүнийг хяналтад авч, В вирус илрээгүй 589 хүнд сайн дурын В вирусийн дархлаажуулалтад хамрагдах зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор eleg.mohs.mn программд 40-65 насны иргэдийг элэгний В, С илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна Төв аймгийн хэмжээнд 40-65 насны 24654 иргэн байдаг аж.
 
Өдөрлөгийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Баян, Архуст, Дэлгэрхаан, Баянхангай Баяндэлгэр, Баян сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулсан бол 57 багийн эмч нарт иж бүрэн мотоциклын түлхүүрийг гардуулан өглөө.

Мөн эрүүлийг хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан таван хүнийг Засгийн газрын “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар, таван хүнийг Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнав.
Т.Есүхэйтөмөр
相关新闻