“Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймагт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-28 18:10:07

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. "Баргажин-2025" олон улсын наадмыг 8 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Зуунмод суманд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.


Энэхүү наадмыг анх удаа Төв аймагт зохион байгуулж байгаа бөгөөд барга угсаатны уламжлалт соёл, урлаг, ёс заншил, ахуйн зан үйлийг олон түмэнд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.  


“Баргажин-2025” олон улсын наадмын талаар ажлын багийн ахлагч бөгөөд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяраас тодруулахад, "Наадмын хүрээнд үндсэн брэндбүүк гаргах, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, "Чингис хаан" үндэсний музей, аймгийн музей хамтран “Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны түүх соёл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Мөн барга угсаатны эд зүйлийн үзэсгэлэн, хувцас загварын уралдаан, барга ардын дуу хөгжмийн улсын уралдаан, бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна" гэв.  


“Барга судлалын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөмөр мэдээлэл өгөхдөө, Өнөөдрийн байдлаар Дорнод, Төв, Хэнтий, Булган, Завхан аймаг болон Улаанбаатар хотод баргууд олноор оршин суудаг ба манай аймгийн хувьд Баян, Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод суманд барга угсаатан харьцангуй олон тоотой оршин сууж байна гэсэн юм.


Баргажин наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулсан бөгөөд удаах наадмыг 2011 онд Дорнод аймгийн Гурванзагал суманд, гутгаар наадмыг 2015 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот, 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хот, 2022 онд Хөлөнбуйр суманд зохион байгуулсан ба 3 жилд нэг удаа зохион байгуулахаар тогтжээ.

 

相关新闻