Хогоо эдийн засгийн эргэлтэд оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-18 11:53:32
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ БОАЖЯ-наас өгсөн чиглэлийн дагуу АЗДТГ, БОАЖГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хот тохижуулах газар хамтран “Цэвэр сайхан орчин” сарын аян зарлаж байна. Аяны хүрээнд 5 зорилт дэвшүүлж 34 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажлаа эхэлжээ.
Тухайлбал, “Хог хаягдлын тухай” хуулийг сурталчлах, айл өрх, ААН-ийн хог ангилан ялгалт, цуглуулалт, тээвэрлэлт, зам, талбайн, үйлчилгээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар зорилт дэвшүүлээд байна.
“Хог хаягдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн сард УИХ-аас баталсан юм. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хуулийн бүх этгээдийн эрх, үүргийг тодорхойлж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулсан иргэн ААН-ийг урамшуулах, ногоон худалдан авалтыг дэмжих зэрэг үйл ажиллагаа тодорхой болсон гэж аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн ярьлаа. Хуульд тууссан хамгийн чухал гэж болох үзэл санаа нь хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал гэнэ.
Аймгийн хэмжээнд хоёрдогч түүхий эд ашигладаг буюу хуванцар сав бутлах чиглэлийн хоёр, автомашины ашигласан дугуй, масло ашиглаж  эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.  
Дашрамд дурдахад, Орхон аймгийн  хогийн цэг өнөөдрийн байдлаар 83.3 га талбайг эзэлж байна. Үүнээс 2200 м.куб нь 77 цэгт үүссэн эзэнгүй дүүргийн хог ажээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻