Аймгийн музей дэх Бугатын дурсгал хэмээх согд бичээст хөшөө хосгүй үнэт үзмэрт багтдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музей нь 1947 онд Аймгийн орон нутаг судлах кабинет нэртэй 500 гаруй үзмэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар нь Гарамжав ажиллаж байжээ. 1967 онд Аймгийн орон нутгийг судлах музей болж өргөжин XVII, XVIII зууны үед баригдсан Халхын Зая гэгээнтнүүдийн Лаврин, Зүүн, Баруун сэмчин /хуучнаар Заяын хүрээ/ ордонд шилжин орсон байна. Түүхэн хөгжлийн явцад угсаатны, түүхийн, байгалийн, сүм музей гэсэн салбар музейдийг үүсгэн үзмэр цуглуулгын нэр төрөл, цар хүрээгээ өргөтгөн 1997 оноос “Архангай аймгийн музей” болжээ.
Архангай аймгийн музей нь түүх, археологи, угсаатны зүй, шашны, урлаг уран сайхны цуглуулгуудтай, өнө эртний хуучин чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх нүүдэлчдийн болоод Архангай нутгийн түүх, соёл, өв уламжлалыг дэлгэн үзүүлсэн түүх, угсаатан, шашны гэсэн байнгын үзүүллэгийн 5 танхимтай, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай, сан хөмрөгтөө 3800 гаруй үзмэртэй ажээ.

• Музейн түүхийн танхим нь Архангай нутгаас олдсон нэн сонирхолтой түүх, археологийн олдвор чулуун зэвсэг, чулуун сав, нүдүүр, хүрэл хазаар, шанага, хүрэл хутга, хүннү ваар, хүрэл тогоо, түрэгийн түрүү хаант улсын үеийн хамгийн эртний дурсгал болох чонын дүрст гэрэлт хөшөө /МЭ VI зуун/, уйгурын үеийн эмэгтэй хүний хувцасны олдвор /МЭ VIII-IX зуун/, монгол цэргийн дуулга, хөө хуяг /XIV-XV зуун/, манжийн үеийн эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг ховор нандин үзмэрүүдтэй.

• Угсаатны танхим нь халх угсаатны бүлгийн онцлог бүхий ахуй, соёлын эд хэрэглэлүүд, гэр, хувцас, гоёл чимэглэл, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, аж ахуй, малын уналга эдэлгээний хэрэглэл зэрэг баялаг үзмэртэй. Тухайлбал, Архангайчуудын дунд уламжлагдаж ирсэн эрт эдүүгээгийн шанаган хуур, төрийн их ятга /XIX зуун/, мөсөн шагайн харваа, Далай Чойнхор вангийн хошууны нэрт дархан Ерэнтэй, Чавганц нарын урласан ган сийлбэр хэт бэл, дэвэр, домбо, бойпор, Луу гүний Вандан, Буур Жамъян аваргуудын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг үзмэрүүдээрээ онцлогтой.
• Шашны танхим нь халхын Зая бандида гэгээнтнүүдийн өв, заяын хүрээтэй холбогдох түүх соёл, шашин урлагийн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Үүнд Зая гэгээний зандан тамга, мөнгөн бишгүүр, шүүсний хутга, гутал, гантиг өртэй зандан ширээ, толь зэрэг эдэлж хэрэглэж байсан зүйлс багтана.

Аймгийн музейн үзмэрүүдээс хосгүй үнэт үзмэрийн зэрэглэлд Бугатын дурсгал хэмээх согд бичээст хөшөө чулуу ордог. Энэхүү хөшөө чулууг 1956 онд археологич Ц.Доржсүрэн Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутгаас илрүүлэн олсон. Уг дурсгалын бүрэлдэхүүнд яст мэлхий сууринд суулгасан согд үсэгтэй гэрэлт хөшөө ордог. Гэрэлт хөшөө нь оройдоо хүүхэд хөхүүлж буй чонын дүрстэй, хөшөөний урд болон баруун, зүүн хажуу талд согд бичээстэй. Хөшөө, мэлхий суурь хоёрыг улбар өнгийн, нарийн ширхэгтэй боржин чулуугаар урласан. Хөшөөний өндөр сууриас дээш 198х73х20 см, мэлхий суурь 122х93х47 см. Бугатын дурсгалын согд бичээсийг тайлан уншсан эрдэмтэд уг хөшөөг МЭ 582 онд босгосон, түрэгийн түрүү хаант улсын үеийн хамгийн эртний дурсгал гэж үздэг. Бичигт Нивар, Буман, Мухан, Таспар зэрэг Түрэгийн анхны төр улсыг үндэслэгч хаадын нэр, түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичсэн байдаг ажээ.
Архангай аймгийн музейгээр жилд ойролцоогоор 7000 гаруй хүн үйлчлүүлдэг байна.

Б.Гэрэлт-Од