Хорвоог орхисон хөвгүүдэд МХБХ-ны нийт тамирчид эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-15 16:57:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБС-ийн төгсөгч хүүхдүүд Ерөнхий шалгалт шалгалт өгөхөөр явж байгаад гурав нь өчигдөр авто тээврийн осолд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа.

Ослын улмаас жолооч болон гурван хүүхэд амь насаа алдсан бөгөөд эдгээр гурван хүүхдийн хоёр нь Дорноговь аймгийн идэрчүүдийн шигшээ багт тоглодог хөлбөмбөгчид байсан юм. Энэ өдрүүдэд “Өсвөрийн УАШТ”-нд өрсөлдөж байгаа Дорноговь аймгийн 13 хүртэлх насны хөвгүүд өнөөдөр “Бешикташ” клубтэй хийсэн тоглолтынхоо өмнө нэг минутын чимээгүй зогсолт хийж эмгэнэл илэрхийллээ.

Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хэдий сэтгэл санааны хувьд хүнд байдалтай талбайд гарсан ч тэнгэрт хальсан шигшээ багийн тоглогчдодоо хүндэтгэл үзүүлэн тоглож, 3:0-ээр хожсоноор УАШТ-ий хэсгээс гарсан.
Цэл залуу 18-хан насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хоёр хөлбөмбөгчин энэ зун “Үндэсний цом” тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч мөрөөдлөө биелүүлж чадалгүй, харамсалтайгаар хорвоог орхилоо. Уг харамсалтай үйл явдалд МХБХ-ноос болон нийт хөлбөмбөгчид, сонирхогчдынхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.

Д.Өлзий
相关新闻