Эрдэнэдалайн сургуулийнхан хоёр дахь жилийнхээ тариалалтыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-12 21:45:53
Дундговь/МОНЦАМЭ/ Тайландын Вант улсын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны ивээлээр Эрдэнэдалай сумын сургуулийн хамт олон 2 дахь жилдээ хүнсний ногооны тариалалт хийсэн байна. Ингэхдээ урьд жилийнхээс хүлэмжийн тариалалтыг шинээр нэмжээ.
Эрхэмсэг гүнжийн ивээл дор Монгол Улсын БСШУЯ “Хөдөө аж ахуйд суурилсан сургуулийн үдийн цайны хоол хүнсний хангамжийг сайжруулах” төслийг Төв аймгийн Алтанбулаг, Бүрэн, Баян, Сүхбаатар аймгийн Уулбаян, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуульд хэрэгжүүлж байгаа. Төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд үр дүнд нь хөдөөгийн сургуулиуд хүнсний ногооны тариалалтын талбай, нарийн ногооны хүлэмж, үнээний фермтэй болох юм байна.
Эрдэнэдалай сумын сургуулийн хувьд өнгөрсөн жил 0.5 га талбайд төмс тариалсан. Намар нь нэг тонн гаруй төмс хураан авч, 500 кг- ийг нь сурагчдын үдийн цай, дотуур байрын хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэсэн байна. Жилд 2.5 тонн төмсний хэрэгцээтэй байдаг бол үүндээ өөрсдийн тариалсан төмсийг ийнхүү нэмэрлэжээ. Харин үлдсэн хэсгийг үрийн төмс болгон хадгалж, өнөө жил тариалсан гэж сургуулийн захирал Л. Буянтогтох ярилаа. Энэ жил мөн 150 м.кв талбайд нарийн ногоо тарьж, шинээр 120 м.кв талбай бүхий хүлэмжтэй болсон гэлээ.
Төмс, хүнсний ногооны тариалалтыг багш, сурагчид хамтран хийсэн байна. Ирэх намар хүртэл сургуулийн ажилчид хүнсний ногоогоо усалж, тордох үүрэг хүлээжээ.
 
Т. Отгонтуяа 
 
相关新闻