Мал сүргээ угаах бэлтгэл хангах үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-12 21:21:34
Дундговь/МОНЦАМЭ/ Энэ зун Дундговь аймгийн хөдөө аж ахуйн салбарт хийх томоохон ажил бол мал угаалга юм. Мал угаалгын бэлтгэлийг хангаж, сум, багийн нутаг дэвсгэрт байгаа угаалгын банныг засч сэлбэхийг аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Өнгөрсөн жилийн зун, намар, өвлийн саруудад Дундговь аймгийн ихэнх сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, хорио цээрийн дэглэм үргэлжилсэн. Хэдийгээр бүх хонин сүргийг вакцинжуулсан ч гэлээ цаашид халдварт өвчнийг дахин үүсгэхгүй байх, өвчин үүсгэгчээс мал сүргээ ангижруулж, эрүүлжүүлэхийн тулд нийт мал сүрэгтээ угаалга хийхээр ийнхүү төлөвлөжээ.
 Мал сүрэгт угаалга хийдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд шумбуулж биш шүршиж угаадаг болсон бөгөөд энэ нь паразит өвчин үүсгэгчийн үүрлэх тохиромжтой орчин болох эрүүн доорхи хонхорхой, гэдэс, хээл, суга, цавь хэсэгт бүрэн хүрдэггүй. Тиймээс шумбуулж угаах нь илүү үр дүнтэй гэж хөдөө аж ахуйн салбарынхан үзэж байгаа юм.
Мал угаалгад зориулан сумд дор бүрнээ угаалгын банн бэлдэнэ. Байгаагаа засч сэлбэнэ. Угаалга хийх бэлтгэлийг хэрхэн хангаснаа энэ сарын 20 гэхэд аймгийн Засаг даргад тайлагнан мэдээлэх  юм байна.Мал угаалгыг ирэх наймдугаар сард хийх ажээ.
 
Т. Отгонтуяа
相关新闻