“Мял Богдын намтар” Дундговийн театрын тайзнаас үзэгчдэд хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-10 22:57:21
Дундговь/МОНЦАМЭ/Баян айлд мэндэлсэн ч хувь тавилангийн хатуурхлаар ядууран зовж, энэ амьдралдаа туугдан хар нүглийн замд орсон хүү догшин хараал жатгын хүчийг сурч, үүгээрээ олон хүнээс өс хонзон авах бөгөөд энэ нүгэлдээ шаналан зовж, нүглээс ангижрахын хүслэнд автан явсаар сайн багштай учирна. Улмаар ариун номонд гэгээрэн өөрийгөө ялж бурханы хутаг олж байгаа тухай өгүүлэх “Мял Богдын намтар” жүжгийг Мандалговь хотынхон өнөө орой аймгийн театрын тайзнаас шимтэн үзэв.
Мял Богдын намтрыг сонсоход нэг насны нүгэл ариусдаг гэдэг. Энэ  намтрын эзэн Богд Миларайв 1052- 1135 онд амьдарч асан бодит хүн бөгөөд Төвдөд аж төрж байсан бясалгагч, гоц чадвартан, хүн төрөлхтний оюуны гэгээрлийн үлгэр болсон билэг төгөлдөр егүзэр хэмээн түүхэнд үлдсэн байдаг.
“Мял Богдын намтар” зохиолыг МУСГЗ Ц. Хулан цомнол болгон бичиж, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч СТА М. Ариунтуяа найруулан, хөгжмийг , Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б. Мөнхболд туурвиж, бүжгийг СТА Д. Энхгэрэл дэглэн, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулснаар “Мял Богдын намтар” жүжиг үзэгчдийн хүртээл болсон байна. Театр урлагийн “Гэгээн муза” наадмын удаа дараагийн шагналыг хүртэж байсан шилдэг жүжиг ажээ.
Энэ жүжгийг “Наранцацралт” сангийн тэргүүн Н. Соёмбын урилгаар Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Дундговь аймгийн театрын тайзнаас ийнхүү үзэгчдэд хүргэсэн юм.
Өнөөдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж. Наранцацралт агсны 60 насны ой тохиож буй өдөр. Жил бүрийн зургадугаар сарын аравны энэ өдрийг түүний гэр бүл нутгийн зон олны нь хамтаар  хүндэтгэн өнгөрүүлдэг бөгөөд ингэхдээ төрөлх нутгийн нь ирээдүй хойч болсон хүүхэд залууст оюуны өглөг түгээж буян үйлддэг. Энэ удаад “Мял Богдын намтар” жүжгийг аймгийн театрт урьж тоглуулсан нь энэ ажээ.

Т. Отгонтуяа 
 
 
相关新闻