“Эрдэнэт үйлдвэр” –ийг гадаад, дотоодын жуулчдад үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-10 19:59:26
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо энэ сарыг “Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын соёл”-ын сар болголоо. Үүний хүрээнд “Аймгийн 2017-2021 онд хэрэгжүүлэх аялал жуулчлалын дэд хөтөлбөр” батлах, “Хөх Монгол” цогцолборыг нээж үйл ажиллагааг жигдрүүлэх, “Бурхан Багшийн Сэрэг Дүр”-ийн засварын ажлыг дуусгах, гадаад, дотоодын иргэдэд “Эрдэнэт” үйлдвэрийг үзүүлэхээр төлөвлөжээ.
Мөн  Орхон аймгийн аялал жуулчлалын танилцуулга хэвлэж тараах, цахим нэгдсэн сүлжээ бий болгох, “Худалдааны гудамж”-ийн замыг засаж дуусгах,  Орхон аймгийн дурсгалт газруудаар тойрон аялал зохион байгуулах, “Бренд” бүтээгдэхүүнүүдийг сурталчлах гэнэ. Түүнчлэн Жаргалант сумын түүх дурсгалын газруудад тэмдэгжүүлэлт хийж олонд таниулах зэрэг 12 ажил төлөвлөсөн байна. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл болон Аялал жуулчлал, зочид буудлын “Эрдэнэт” холбоо хамтран хэрэгжүүлэх бөгөөд ИТХ-аас аяны тугийг гардууллаа. Дээрх 12 ажлыг нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх  ажээ.  
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻