Нэр дэвшигч М. Энхболд өнөө өглөө Мандалговь хотын сонгогчидтой уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-10 15:16:25
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН- аас нэр дэвшигч М. Энхболдын сонгогчидтой хийж байгаа уулзалт өнөөдөр үдээс өмнө Мандалговь хотод үргэлжиллээ. Тэрээр Мандалговьд ирсэн даруйдаа Монгол Улсын Ерөнхий сайд, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж. Наранцацралт агсны хөшөө дурсгалд хүндэтгэл илэрхийлсэн юм. Ж. Наранцацралт агсан сэрүүн тунгалаг асан ахуйд өнөөдөр 60 нас хүрэх байсан. Түүний мэндэлсэн өдөртэй Мандалговь хотод хүрэлцэн ирэх нь ийнхүү таарсныг  нэр дэвшигч М. Энхболд онцлоод “ Бидний дунд олон сайхан дурсамж үлдсэн байдаг” хэмээн дурссан юм. Тэрээр, “Намайг таван нам бүрэлдэхүүнд нь багтсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг толгойлж байхад Ж. Наранцацралт Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Түүнээс нийслэл хотын удирдлагын ажлыг ч мөн миний бие  залгамжлан авч байсан, төр, нийгмийн үйлсэд мөр зэрэгцэн зүтгэсэн эрхэм нөхөр минь байсан билээ” хэмээн дурсав.
Нэр дэвшигч М. Энхболдын уулзалт Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Түшээ гүн Г. Чагдаржавын нэрэмжит хотын төв талбайд болсон юм. Нэр дэвшигч сонгогчдод хандан хэлсэн үгэндээ, “Монгол Улс тун амаргүй цаг үеийг туулж байна. Ийм үед нэг зүгт харсан, нэгдмэл бодлоготой байх нь хамгаас чухал. Монголын төр тогтвортой байхыг ард түмэн хүсч байна. Манайхтай ойр хөрш, хамтын харилцаатай дэлхийн улс орнууд ч хүсч байна. Монголын төр засаг дотооддоо нэгдмэл байж чадах нь бодлого зөв явахын эхлэл, эдийн засгийн өсөлтийн таатай суурь болно. Чухам энэ үүднээс би “Эвтэй монгол Ээлтэй төр”- ийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн” хэмээн тодотгоод “Миний бие, Улс эх оронд тулгамдаж байгаа асуудлыг Монгол төрийн тэргүүн хэрхэн яаж шийдвэрлэх ёстой вэ гэдгийг тунгаан сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хамгийн гол нь эв нэгдлийг тэргүүнд өргөн тавьсан билээ” гэв.
Хэрвээ Монгол төрийг монгол гэр хэмээвэл тооно нь Үндэсний эв нэгдэл, монгол бахархал байна. Хана нь хариуцлагатай шударга, тогтвортой засаглал, унь нь эрүүл, боловсролтой, эрх тэгш чинээлэг монгол хүн, багана нь баялаг бүтээгч дундаж давхарга, үүд нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого байна хэмээн адилтгаж, эдгээр үндсэн бүлэгт 83 заалтыг тусган “”Монгол төр- монгол гэр” мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

“Монгол баян орон. Гэтэл ард түмнийхээ аж амьдралыг энэ хэмжээнд хүргэж чадаагүй байна. Учир нь, улс төрийн талцал хуваагдал, эв эегүй байдал ихээхэн нөлөөлж байна. Монголчууд эв нэгдэлтэй байхдаа ихийг бүтээж байсан, ямар ч асуудлыг шийдэж чадаж байсан ард түмэн. Эв эеийн хүчээр бид улс эх орныхоо эдийн засгийг дахин дахин хямруулаад байлгүй, хүчтэй дархлааг бий болгох хэрэгтэй байна. Энэ цаг удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг” хэмээн нэр дэвшигч М. Энхболд үгийнхээ төгсгөлд тэмдэглэсэн.
Түүний Мандалговь хотын сонгогчидтой хийсэн уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б. Дашзэвэг, МУГЖ Б. Жаргалсайхан, Монгол Улсын Ардын багш Д. Төмөр, Гавъяат багш З. Цэвээнравдан, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До. Цэнджав нарын Дундговь аймгаас төрсөн алдартнууд, Олимпийн аварга Э. Бадар- Ууган нар түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн хүрэлцэн ирсэн байна.  
 
Т. Отгонтуяа  
 
相关新闻