"АСПАК-2017": Залуус дэлхийн хөгжил, өөрчлөлтийн төлөө юу хийхээ хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-06-08 12:06:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын Жэй Си Ай /JCI/ байгууллагын дөрвөн том бүсийн уулзалтын нэг Ази-Номхон далайн чуулган “АСПАК-2017” /ASPAC/ Улаанбаатар хотноо анх удаа зохиогдож байна.

Чуулганы хүрээ нь Ази-Номхон далайн 22 орны төлөөлөгчдийг хамрах ч өнөөдрийн байдлаар 51 орны 3500 орчим залуу манлайлагчид хүрэлцэн ирээд байна. Энэ сарын 8-11 хүртэл нийт дөрвөн өдөр үргэлжлэх чуулганы хүрээнд 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийх юм. Эхний өдөр буюу өнөөдөр JCI байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч нарын уулзалт, нарийн бичгийн дарга нарын уулзалт, Сангийн уулзалт зэрэг арга хэмжээ болж байгаа бөгөөд хамгийн чухал нь өнөө орой “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т болох Нээлтийн ёслол юм.

Нээлтийн ёслолын арга хэмжээг өмнө нь болж байгаагүй өргөн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж ажлаа хангаж дууссан талаар ажлын албаныхан ярьж байв. “АСПАК” нь хамгийн том бүсийн чуулган учраас “JCI”-ийн дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенаторууд хүрэлцэн ирээд байгаа юм.



“АСПАК-2017” чуулганы арга хэмжээнүүд "Шангри Ла", "Туушин", "Улаанбаатар", "Блю Скай", "Корпорайт" зочид буудлуудад нэгэн зэрэг болж буй бөгөөд Ерөнхий ассемблей 3, гишүүддээ зориулсан сургалт 16, албан ёсны 10, форум 5, бизнесийн худалдааны үзэсгэлэн 3, ёслолын арга хэмжээ 3, гала тоглолт 3, Үндэсний онцлогийг харуулсан үдэшлэг 5 удаа зохион байгуулах юм байна. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв байх бөгөөд тодруулбал Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцэх юм. Үүнтэй зэрэгцэн олон орны залуусын дунд хэд, хэдэн төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулна. Мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн, бизнесийн үзэсгэлэн, худалдаа болж, улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогийг харуулсан үдэшлэгийг зохионо.

Олон улсын “JCI” байгууллагын чуулга уулзалтыг ийн Монгол Улсад зохион явуулж байгаа нь тус байгууллагад эзлэх манай улсын нэр хүнд, байр суурийг илтгэж буй бөгөөд чуулганаар дамжуулан Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжүүлэх, бизнес эрхлэх гарц боломжийг нээх, олон улсын манлайлагч залуустай хамтарч  хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгох, “JCI”-ийн гишүүн 120 гаруй оронд ронд улсаа сурталчлах, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээнд шууд орлого оруулах гээд олон талын ач холбогдолтой.



Ингээд чуулганы эхний өдөр зохион байгуулагч, удирдлагуудын сэтгэгдлийг сонссон юм.

“JCI Монгол” байгууллагын 2017 оны Үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг “100 гаруй жилийн түүхтэй, идэвхтэй иргэдийн төрийн бус байгууллага. Дэлхийн 120 гаруй оронд салбартай, 200 мянга гаруй гишүүнтэй, саяас илүү дэмжигчтэй JCI байгууллагын энэхүү нэр хүндтэй чуулганы үеэр бид олон  үндэсний байгууллагын улс орон, нийгэмдээ хийж бүтээсэн сайн, сайн өөрчлөлтүүдийг хэлэлцэж, туршлага солилцох нь маш том ач холбогдол юм. JCI-ийн чуулган Америк, Африк, Европын бүсэд өмнө нь болсон. Энэ удаад Ази-Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотод болж байна. Улс орнуудад тулгамдаж байгаа олон асуудлын хариу, гарц шийдлийг төр засаг гэхээсээ илүү идэвхтэй иргэд, тэр дундаа нэг идэвхтэй иргэний санал санаачлага том асуудлыг шийдсэн туршлага олон байдаг. JCI байгууллага бол эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох эрхэм зорилгын дор нэгдсэн байдаг учир олон олон үндэсний байгууллага, улс орон, нийгэмд хийсэн сайн өөрчлөлтүүдийг чуулганы хугацаанд хэлэлцэж туршлага солилцоно. Хөгжсөн, хөгжиж буй болон буурай орнуудад тулгардаг бэрхшээл, түүнийг шийдсэн шийдлүүдийг бид дөрөв хоногийн хугацаанд хэлэлцэнэ. Монгол Улсад ч эдийн засаг, нийгмийн олон төрлийн сорилтууд байнга тулгарч байдаг. Эдгээр асуудлаар тодорхой туршлагажсан шинжээч, зөвлөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж амжилтад хүрсэн гишүүдтэй ярьж зөвлөлдөх боломжтой. “JCI Монгол” байгууллагаас зохион байгуулах Бизнесийн форумаар Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, эдийн засгийн сорилтуудыг хэрхэн даван туулж байгаа тухай зэрэг зөв зүйтэй мэдээллийг бизнесийн төлөөлөл болсон залуучуудад хүргэнэ. Үүний үр дүнд өнөө маргааш гэхээс илүү дараа дараагийн жилд Монгол Улсад хүрнэ. Мөн НЗДТГ-тай хамтран зохиох “Ногоон хөгжлийн форум”-аар дэлхийн дахинд тулгамдаж буй экологийн асуудлыг хэлэлцэнэ. Эдийн засгийн утгаараа ч “АСПАК-2017” чуулганыг зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой” гэсэн юм.

"JCI ASPAC-2017" чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны дарга Г.Баярмагнай “”АСПАК-2017” чуулганыг зохион байгуулах эрхийг авснаас хойш Монгол Улсын Шадар сайдын дэргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд даргатай Ажлын хэсэг гарган 700 хоног турш бэлтгэсэн. Чуулганы үеэр нэг ч зам талбай хаахгүй бөгөөд үйл ажиллагаануудыг нээлттэй явуулж, оролцогчидтой танилцах, санал солилцох бололцоог нийслэлчүүддээ өгч байгаа. Зохион байгуулалтад 50 гаруй аж ахуйн нэгж, НОБГ, НМХГ, Цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна” гэлээ.



Чуулганд мөн JCI байгууллагын Дэлхийн ерөнхийлөгч Даун Хeтзэл хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд Үндэсний ерөнхийлөгч нарын уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “JCI байгууллага Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуран цугларч байгаад баяртай байна. Энэхүү чуулганы гол онцлог бол JCI байгууллагын дэлхийн өнцөг булан бүрээс залуус хуран цуглаж, өөрсдийн туршлага, мэдлэгийг солилцох боломж олгодог. Бидний хамтын ажиллагаанд улс үндэстний хил хязгаар үгүй, бүгд нэгдэн ажилладгаараа онцлогтой. "АСПАК" бол дөрвөн бүсийн чуулганаас оролцогчдын тоо болон зохион байгуулагчдын цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог. Энэ удаагийн чуулганд Европ, Өмнөд болон хойд Америк, Африкийн орнуудаас ч ирж оролцож байна. Зөвхөн Ази-Номхон далайн бүсийн чуулган төдийгүй дэлхийн олон орны залуу удирдагчид хамтдаа чуулж, хэл соёлын үнэт зүйлсээ хуваалцах боломж олдож байна. Энэ удаад дэлхийн өнцөг булан бүрийн залууст хөгжлийн боломжийг Улаанбаатар хотноо олгож байна. Дэлхийн хөгжлийн төлөө, өөрчлөлтийн төлөө юу хийх боломжоо бид ярилцах болно. Мөн чуулганд оролцож байгаа бүх оролцогчид Монгол орны үзэсгэлэнт байгальтай танилцана гэж итгэж байна” гэв.

JCI байгууллагын 2017 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Марк Брайн Лим “JCI нь дэлхий даяар эерэг өөрчлөлтийг бий болгодог залуу удирдагчдын байгууллага гэдгээрээ бид бахархдаг. “АСПАК-2017” нь JCI байгууллагын талаар залуучууд нарийн мэдээлэлтэй болж, таних нээх боломж өгдөг. Мөн зөвхөн чуулга уулзалт төдийгүй нийт 3500 орчим оролцогчид Улаанбаатар хоттой танилцах, Монгол Улсаар аялах боломж олгож байгаа. Энэхүү чуулганыг зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ-т талархал илэрхийлж байна” гэсэн юм.

“АСПАК-2017” чуулга уулзалт өнөөдөр худалдааны үзэсгэлэн, Сангийн уулзалт зэргээр үргэлжилж, орой 18.00 цагаас Нээлтийн ёслолын арга хэмжээгээ “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т зохион байгуулах юм.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻