“Үл бүдгэрэх өв” төсөл улсад тэргүүн туршлага болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-08 11:52:06
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгаас жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Үл бүдгэрэх их өв” төслийг БСШУСЯ, Соёл урлагийн газраас өндрөөр үнэлж, улсын хэмжээнд тэргүүн туршлага болгон нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ. 
Тус аймгийн Засаг даргын захирамжаар дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь бөх, морь цоллоочдын 2-р уралдаан юм. Энэхүү уралдааныг саяхан зохиож, 80 гаруй ардын авьяастан, багш, сурагч оролцсоноос бөхийн цолны төрөлд Хөлөнбуйр сумын ЕБС-ийн сурагч С.Цэрэнтогтох, ардын авьяастан Ц.Сэргэлэн, Чулуунхороот сумын ардын авьяастан С.Мөнхтулга нар тэргүүлсэн байна. Харин морь цоллоочдын төрөлд Матад сумын уугуул Ш.Отгонбаатар, Дорнод НАА компанийн ажилтан М.Эрдэнэжаргал, 1-р сургуулийн сурагч Л.Уранбанди нар 1-3 байрыг эзэлсэн байна. Тэд удахгүй болох аймгийн наадамд бөх, сур, морины цол дуудах эрхтэй болжээ.
Энэ үеэр Монгол Улсын засуул, цоллооч Э.Хүрэлбаатар морь, бөх цоллоочдод сургалт явуулсан байна.  
Дээрх төслийн хүрээнд ойрын хугацаанд сур, шагайн уухайн сургалт, уралдааныг зохиохоор төлөвлөж байгаа юм. 
Д.Дэлгэрмаа
相关新闻