Орхон аймагт 1300 гаруй хүүхэд 12 дугаар ангиа төгслөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/ МОНЦАМЭ/ Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн “Эрдмийн баяр” боллоо. Энэ хичээлийн жилд Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 20 сургуульд 18 мянга 500 гаруй хүүхэд суралцсан. Үүнээс 12-р ангийн 49 бүлэгт 1363, 9-р ангийн 42 бүлэгт 1196 хүүхэд суралцаж “Эрдмийн баяр” баяраа хийлээ. Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ хичээлийн жилд хийгдсэн хөрөнгө оруулалт болон боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрөө товч танилцууллаа. Тухайлбал, 2016-2017 оны хичээлийн жилд урлаг, спорт, сурлагийн амжилт гаргасан 120 гаруй багш, сурагчийг 34 сая төгрөгөөр урамшуулж багшийн хөгжлийг дэмжих “Багш” дэд хөтөлбөр баталж үүнийг хэрэгжүүлэхэд 127 сая төгрөг төсөвлөсөнөө мэдээллээ. Түүнчлэн “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагад чиглэсэн олон ажил хэрэгжүүлэхээс Жаргалант суманд биеийн тамирын талбай байгуулахаар болсоноо онцоллоо. Тэрээр мөн сурагчдыг хүсэл, мөрөөдөлдөө эзэн байж эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө мэдлэг, оюунаа зориулж, мэргэжлээ зөв сонгохыг хүссэн юм.
Б.Оюун-Эрдэнэ