Малжуулах хөтөлбөрт 60 гаруй залуу малчин хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-07 09:20:18
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зэрэг зургаан  хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрт Ховд аймгийн 64 залуу малчин хамрагдаж, тэдгээр малчдад тус хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, мэдлэг олгох зорилгоор Залуу малчдын зөвлөлгөөн, уулзалт хэлэлцүүлэг, малын эрүүл мэндийн чиглэлээрх сургалтыг аймгийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Газраас зохион байгууллаа.  
Залуу малчдыг дэмжих, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагаа болон мал аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, мал  сүргээ өгсөх, өрхийн орлогыг нэмэгдүүлж улмаар малчдын залуу халааг бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж байгаа дээрх төсөл мал аж ахуйн салбарт малчин залуу халааг бэлтгэх, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал үр дүн авч ирж байгаа юм.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Ховд  аймгийн 17 сумын 150-200 хүртэлх толгой малтай, 39-өөс доош насны 64 малчин өрхийг сонгон шалгаруулж уг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан малчдад нийт 278 сая төгрөг буюу нэг малчинд 4,0-5,0 сая төгрөгийн  мал авч өгөх бөгөөд хоёр  жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан ажиллах юм. 
А.Бямбасүрэн
 
相关新闻