Дорнын их найрагчаа дурсан алдаршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/ Улиастайд Дорнын их найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 88 жилийн ой ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Их найрагчаа дурсан алдаршуулах үйл ажиллагааг аймгийн Утга зохиолын нэгдэл, аймгийн ЗДТГ, аймгийн Музей, Б.Явуухулангийн нэрэмжит төв Номын сан, Л.Ванганы нэрэмжит аймгийн Хөгжимт жүжгийн театр зохион байгууллаа.
Үйл ажиллагааны нээлтэд Монголын сор болсон яруу найрагч, зохиолчид урилгаар оролцож Завханы 88 хүүхэд “...Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.. “хэмээн нэгэн дуугаар уншиж их найрагчийн хөшөөнд цэцэг өргөснөөр үйл ажиллагаа эхэлсэн юм.
Үүний дараа яруу найрагч, зохиолчид аймгийн музейд байрлах Алдартнуудын танхимаар зочилж хутагтуудын танхимаас адис аван Дорнын найрагчийн мөнгөн жүнзнээс авшиг хүртлээ. Түүнчлэн аймгийн театрт зохиолч уншигчдын уулзалт болж хүндэт зочид болох яруу найрагчид өөрсдийн уран бүтээлээс уншигчиддаа уншиж сонордууллаа. Энэ үеэр зохиолч яруу найрагчдын уран бүтээлийн үүх түүхийн сонин хачин, Монголын утга зохиолын хөгжил, зорилго, амжилт, ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн яруу найрагчдын чуулганы талаарх шинэ мэдээллийг уншигч, үзэгчид сонсов.
Танхим дүүрэн үзэгч уншигчид өөрсдийн шимтэн сонсдог шүлэг яруу найргийн дээжээс сонсохоос гадна хүндэлж биширдэг зохиолчдынхоо бүтээл, гарын үсгийг авах гэсэн багагүй бужигнаан болов.