Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа Дундговь аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-06 18:42:01
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН- аас нэр дэвшигч М. Энхболд, АН- аас нэр дэвшигч Х. Баттулга нарын сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр Мандалговь хотод боллоо. Нэр дэвшигч М. Энхболд “Эвтэй Монгол Ээлтэй Төр” уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа бол Х. Баттулга “Монгол ялна” хэмээх уриа дэвшүүлжээ.
Нэр дэвшигч М. Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт үдээс өмнө орон даяар нэгэн цагт эхэлсэн бөгөөд түүнийг дэмжигчид аймгийн театрт цугларч, Улаанбаатар хотод зохион байгуулсан нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагааг шууд хүлээн авч үзсэн юм.  Үүний дараа Дундговь аймгийн МАН- ын дарга Б. Амарсанаа сонгогчдод хандан үг  хэлсэн. Тэрээр “Дундговь аймгийн ард иргэд Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгчийг сонгох сонгуулиас эхлээд удаа дараагийн сонгуульд МАН- аас нэр дэвшигчийг сонгож, төр түших итгэл хүлээлгэж байсан түүхтэй. Энэ удаа ч гэсэн нэр дэвшигч М. Энхболдод итгэл хүлээлгэн сонгоно гэдэгт итгэж байна “хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга асан Ж. Адъяа, УИХ- ын гишүүн асан С. Батмөнх нарын төр нийгмийн ахмад зүтгэлтэн, малчин, залуучууд, эмэгтэйчүүд,оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж, нэр дэвшигч М. Энхболдыг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэлснээр нэр дэвшигч М. Энхболдын Дундговь аймаг дахь сонгуулийн сурталчилгааг эхлүүлэв.
АН- аас нэр дэвшигч Х. Баттулга энэ удаагийн сонгуульд “Монгол ялна” уриатайгаар оролцож байна. Түүний сонгуулийн сурталчилгааг намын нь гишүүд дэмжигчид Мандалговь хотын төв талбайд цугларан 13.30 цагт эхлүүлсэн. Сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга асан Ж. Хүүхэнбаатар, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Уртын дуучин Г. Дадьсүрэн, АН- ын ахмад гишүүн Ж. Мөнхтөр нар болон оюутан залуус, эмэгтэйчүүд, ахмадуудын төлөөлөл хүрэлцэн ирж, нэр дэвшигч Х. Баттулгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэд нэр дэвшигчийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртэй нягт нямбай танилцаарай гэдгийг сонгогчдод хандан уриалсан юм.
Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг эхлүүлж Дундговь аймгийн АН- ын дарга Ц. Мөнхбат үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Хяналттай төрийг бий болгохын тулд, ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлэхийн тулд сонголт хийх түүхэн хариуцлага бидэнд ирлээ” хэмээн дурьдсан.
Хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа Дундговь аймагт ийнхүү эхэлж, сонгуульд оролцож буй мөрийн хөтөлбөр нь өнөөдрөөс  сонгогчдын гарт хүрч эхэллээ.
Харин МАХН- аас нэр дэвшигч С. Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны нээлт товлогдсон эсэх өнөөдрийн байдлаар хараахан тодорхойгүй байна.
 
Т. Отгонтуяа
 
相关新闻