Хятадын ачааны галт тэрэг Литва улсаар дамжин Европт хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-06 09:11:47
ВИЛЬНЮС./TASS/. Хятад-Литва-Баруун Европ гэсэн тив дамжсан маршрутаар явж буй Хятадын анхны ачааны галт тэрэг Беларусьтай залгаа хил дээр орших Литва улсын Кена өртөөнд ирээд улмаар цааш Польш руу хөдөлжээ.

Литвын төмөр замын "Lietuvos gelezinkelai" төрийн өмчит компанийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Геримантас Баканас энэ үйл явдлыг "түүхэн үйл явдал" гэж нэрлэлээ.

“Энэ бол Европ руу нэвтрэх бас нэгэн цонх нээгдэж буй түүхэн цаг мөч юм” хэмээн тэрбээр тэмдэглэн хэлсэн байна. Уг ачааны галт тэрэг Герман болон Францад хүргэх химийн материал ачсан 82 чингэлэг ачсан 41 вагоноос бүрдэж байгаа юм. Г.Баканасын хэлснээр, он дуусах хүртэлх хугацаанд Литва улс Хятадаас 20 хүртэл тооны ачааны галт тэрэг хүлээн авч, нутгаараа дамжин өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Ажил хэргийн түншүүд нь тээвэрлэлтийн хурдыг тооцож үзээд Литва улсаар дайран өнгөрөх тив дамнасан энэ маршрутыг ашиглана гэж тэрбээр найдаж байгаа аж. “Уг галт тэрэг замдаа 9 хоног явж, 5500 км зайг туулжээ. Германд байгаа захиалагчид барааг хүргэхийн тулд энэ галт тэрэг 12 хоног явна. Харин далайгаар тээвэрлэх тохиолдолд 40-өөс доошгүй хоног зарцуулдаг” гэж Г.Баканас нэмж хэллээ. 

Литва улсын төмөр замын "Lietuvos gelezinkelai" төрийн өмчит компани энэ оны 4 дүгээр сард “Тээвэр ложистикийн нэгдсэн компани”-тай ачаа дамжин өнгөрүүлэх тухай гэрээ байгуулснаар энэ чиглэлд ачаа тээвэрлэх боломж бүрдсэн юм. Орос, Беларусь, Казахстаны төмөр замын компаниудын хамтран байгуулсан энэхүү нэгдсэн компани нь Европ-Азийн хооронд дамжин өнгөрүүлэх чингэлгийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг тээвэр зуучийн компани юм.
О.Барс 

 

 

 

 

相关新闻