Гэр хороололд 53 км сайжруулсан зам барихад 652 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-05 16:39:23
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орон нутгийн удирдлагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлж, энэ жил нийт 209 ажил, үйлчилгээ хийхээс бүрэн хийгдсэн болон дуусах шатандаа яваа зарим ажлыг танилцууллаа.
Тухайлбал, энэ онд гэр хороололд 53 км сайжруулсан авто зам барих бөгөөд  үүнд 652 сая төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс Даваат, Шанд, Их залуу, Яргуйт, Уртын гол, Рашаант, Эрдэнэ багийн 74 гудамжинд нийт 13.1 км хайрган хучилттай сайжруулсан замыг Аваарийн зардлын 185 сая төгрөгөөр хийж дуусгажээ. Мөн гэр хорооллын гуу жалгатай хэсэгт үерийн сувгийн хоолой байршуулж авто машины гарц шинээр гаргах бөгөөд нийт 34 байршилд орон нутгаас 246 сая төгрөг төсөвлөсөн байна. Уг ажлын тендер зарлагдаад байна.  Түүнчлэн иргэдийн  эрүүл, аюулгүй орчин нөхцөлийн хүрээнд 2, 4, 1, 5 дугаар хорооллын  10 байршилд авто машины орц, гарц, автозогсоолын өргөтгөлийг  Баян-Өндөр сумын 177 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Үүний үр дүнд  90 гаруй машины авто зогсоол шинээр нэмэгдэх ажээ.  Энэ жил 2809 м.кв авто замын нөхөөсийг  Орон нутгийн хөрөнгө оруулалт буюу  79 сая, Аваарын зардлын 40 сая төгрөгөөр хийнэ гэж Хотын захирагчийн алба мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻