Лондонд террорист халдлагууд болсны улмаас 6 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-04 10:09:11
ЛОНДОН. /ВВС/. Их Британийн нийслэл Лондон хотод террорист халдлагууд болсны улмаас зургаан хүн амь үрэгджээ. Цагдаа нар гурван гэмт этгээдийг устгасан байна. 

Орон нутгийн цагаар бямба гарагийн 22:00 цагийн үед Лондоны гүүрний явган хүний зам дээр бүрхүүлтэй ачааны машин явган зорчигчдыг дайрч мөргөсөн байна. Үүнээс нэг цаг хүрэхгүй хугацааны дараа гүүрнээс холгүй орших худалдааны зах орчимд "хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү халдлаа " гэсэн дуудлага цагдаа нарт иржээ. Уг хоёр хэргийг “террорист халдлага” гэж цагдаа нар үзэж байна.

Халдлагуудын үеэр шархадсан 30 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ халдлагуудыг “аймшигт хэрэг” гэж тодорхойллоо. Тус улсын Засгийн газар эдгээр хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр яаралтай хуралдаан хийх аж.



Ойр орчимд нь түүхэн дурсгалтай олон байшин барилга байдаг Лондоны гүүр нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг юм.

Их Британид сүүлийн саруудад нэг бус удаа террорист халдлага болсон билээ. Тухайлбал өнгөрсөн сард Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд Америкийн поп дуучин Арена Грандын тоглолтын дараа амиа золислогч этгээд  тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдсэн юм. Мөн энэ оны гуравдугаар сард Лондон хотын төвд нэгэн  этгээд нэг цагдааг хутгалан хөнөөж, дараа нь автомашинаар таван явган зорчигчийг дайран хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Тус улсад ирэх долоо хоногийн пүрэв гарагт парламентын сонгууль болох юм.
Г.Доржханд
相关新闻