Баяннуурт H7N9 вирүст халдвар гарсан тул эрсдлийн үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-02 21:00:36

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмодны боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЭМЯ-аас зөвлөмж өгч байгаа билээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодрууллаа. 
"ӨМӨЗО-ы Шилийн гол, Баяннуур аймагт шувуудын дунд шувууны томуугийн А хүрээний H7N9 вирүст халдвар гарсан тухай мэдээлж байгаа.  Өнгөрсөн долоо хоногт шувууны өвчлөлийн талаарх мэдээлэл бидэнд ирж байсан. Өнөөдрийн байдлаар Баяннуур аймагт нэг хүн өвчилсөн бөгөөд Бээжингийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл ирсэн" гэж Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга, халдвар судлагч их эмч н.Алтанчимэг ярилаа.
Өнөөдрийн байдлаар  Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын төвөөс эрсдлийн үнэлгээ хийж байгаа гэнэ.
Гашуун сухайтын боомт нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм. Тухайн боомтоор өдөрт нүүрс тээвэрлэлтийн 1100 орчим, Оюутолгой уурхайн баяжмалын 90 орчим авто машин гардаг бөгөөд худалдаа наймаа эрхлэх иргэд ч гарч орж байгаа юм. Хилээр орж ирж байгаа хүмүүсээр эрүүл мэндийн асуумж бөглүүлж байгаа ажээ. 
Мөн тухайн хилээр гарч орж байгаа иргэд хилийн гүн рүү ордоггүй бөгөөд Гашуунсухайтын цаад тал болох Ганцмод-ноос буцдаг тул халдварлалт гайгүй байж магадгүй гэнэ. 

Д.Мишигсүрэн
 

 
相关新闻