Бразилын дипломатчид Ерөнхийлөгч М.Темерийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-02 14:47:28
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /BBC/. Бразилын Гадаад хэргийн яамны 115 ажилтан Ерөнхийлөгч Мишел Темерийн засаг захиргааг шүүмжилж, нийт үндэстний яриал хэлцээ хийхийг уриалсан ил захидалд гарын үсгээ зуржээ.

“Дипломат бодлого ба ардчилал” гэсэн нэртэй энэ захидалд “төрийн албан хаагч болон иргэнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж буй бидний хувьд улс төрийн тогтворгүй байдал нь үндэсний ашиг сонирхолд хор хохирол учруулж байгааг анзаарахгүй байхын аргагүй” гэж дурджээ. Үүний сацуу 5 дугаар сарын 24-нд болсон эсэргүүцлийн ажиллагааг нухчин дарсан явдлыг Бразилын дипломатчид буруушаасан байна.

“Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нийгмийн бүх давхаргынханд бий. Тайван замаар жагсаал хийхийг ямар нэгэн байдлаар хязгаарлах нь байж болшгүй зүйл гэж бид үзэж байна. Жагсаал цуглааныг тараахын тулд хүч хэрэглэхийг бид эсэргүүцэж байна” гэж ил захидалд дурджээ.

Энэ захидалтай холбогдуулан Бразилын Гадаад хэргийн сайд Алоизиу Нунес хэлэхдээ “энэ бол манай яамны байр суурийг илэрхийлж буй хэрэг биш, энэ бол тухайн захидалд гарын үсгээ зурсан манай яамны ажилтнуудын хувийн үзэл бодол” гэж тайлбарласан байна. Сайд хэлэхдээ, захидал бичсэн ажилтнуудаа мөрдөн мөшгихгүй гэдгийг дурдаад “төрийн албан хаагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэж би үздэг” гэжээ.  
Х.Сарнай
 
相关新闻