Сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-02 14:13:17
Дундговь/МОНЦАМЭ/ Улсын бүртгэлийн хэлтэс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн байна. Энэ жагсаалтад 29 мянга 684 сонгогчийн нэр багтжээ.
Сонгогчийн нэрсийн жагсаалтад Дундговь  аймгийн 29 мянга 874 иргэний нэрс байсан. Үүнээс сонгуулийн тухай хуулийн дагуу эрхзүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаадад зорчиж байгаа, зэвсэгт  хүчний анги нэгтгэлд алба хааж байгаа иргэдийн нэрс хасагдсан байна.
Аймгийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 20- иос доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлнэ. Сонгогчид нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14- өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байх ёстой бөгөөд хэрвээ өөр аймаг, хотод шилжиж санал өгөх бол энэ тухай хүсэлтээ харъяалах санал авах байранд бичгээр гаргана. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох юм.
 
Т. Отгонтуяа
相关新闻