Д.Трампын гаргасан шийдвэр хувьцааны ханшийг өсгөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-02 11:29:49
ЛОНДОН./BBC/. Парисын уур амьсгалын хэлэлцээрээс АНУ гарах болсон тухай Дональд Трамп мэдэгдсэний дараа пүрэв гарагт Уолл Стритэд хувьцааны ханш өссөн байна. 

Хэд хэдэн том бизнесменүүд дээрх алхмыг эсэргүүцэж байсан боловч Д.Трамп "энэ нь Америкийн эдийн засагт үр өгөөжтэй" гэж баталсаар байгаа юм. Д.Трампын шийдвэрийг General Electric компанийн захирал Жеффри Иммельт шүүмжилж байгаа бөгөөд ийм шийдвэр гаргасанд харамсч байгаагаа илэрхийлсэн бол "Tesla" компанийг үндэслэгч Илон Маск энэ шийдвэрийн хариуд Ерөнхийлөгчийн зөвлөлөөс гарна гэдгээ мэдэгджээ.

Хувийн хэвшил дэх ажил эрхлэлтийн эерэг чиг хандлага хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн байна. Доу Жонс индекс арилжааны төгсгөлд 135 пунктээр өсч 21,114 болсон бол Nazdaq Composite-ийн индекс арилжаа хаагдах үед 48 пунктээр өсч 6,246-д хүрч рекорд тогтоожээ. S&P 500 индекс 18 пунктээр өсч 2,430-д хүрсэн нь мөн л шинэ дээд амжилт юм. 

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар мэргэшсэн Америкийн "ADP Research" хүрээлэнгийн тайланд дурдсанаар, 5 дугаар сард хөдөлмөр эрхлэлтийн түвшин 253 мянган хүнээр нэмэгдсэн нь санаанд оромгүй өндөр үзүүлэлт ажээ. Энэ бол эдийн засаг сэргэх эерэг дохио болно гэж зах зээлд оролцогчид дүгнэж байна.

Ажил эрхлэлтийн түвшин өссөн нь бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлалыг өсгөж байгаа ба 6 дугаар сарын 14-нд болох Холбооны нөөцийн сангийн хуралдааны үеэр бодлогын хүүг нэмэгдүүлж магадгүй юм.
О.Барс 

 

 


相关新闻