Исламабад: Афганистан "ор үндэслэлгүйгээр" гүтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-01 22:19:27
ИСЛАМАБАД. /Reuters/. Өчигдөр буюу лхагва гарагт Афганистаны нийслэл Кабул хотод болсон дэлбэрэлттэй ямар ч холбоогүй гэдгээ Пакистан мэдэгдлээ. 

Нийслэл хотод болсон халдлагатай Исламабад холбоотой гэж Афганистан мэдэгдсэнтэй холбогдуулан Пакистан няцаасан мэдэгдэл хийсэн нь энэ юм.

Маш чанд хатуу харуул хамгаалалттай дипломат төлөөлөгчдийн газрууд байдаг бүсэд өчигдөр маш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 90 хүн амь үрэгдэж, 350 орчим хүн шархадсан билээ.

Одоогоор уг халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ Афганистаны тагнуулын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, лалын босогчдын “Талибан” бүлэглэлтэй холбоотой “Хаккани” хэмээх бүлэглэл Пакистаны дэмжлэгтэйгээр уг халдлагыг үйлдсэн бололтой.

Харин Пакистаны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Афганистаны талын мэдэгдлийг “ор үндэслэлгүй гүтгэлэг” гэж тодорхойллоо.

Хэвлэлийн төлөөлөгч Нафис Закария хэлэхдээ “Афганистаны байдал тогтвортой байна гэдэг Пакистаны байдал тогтвортой байна гэсэн үг. Афганистан өөрийн алдаагаа нуухын тулд бусдад бурууг тохохыг оролдож байгаа нь тун тоогүй хэрэг” гэв.

Хил дамнан халдлага үйлдэж байгаа босогчдыг дэмжиж, орогнуулж байна гэж Пакистан болон Афганистан нэг нэгийгээ байнга буруушаадаг  юм. Пакистантай хийхээр товлосон бүх уулзалтаа Кабулын дэлбэрэлтийн дараа Афганистаны тал цуцалжээ.
 
Энэ халдлагатай ямар ч холбоогүй гэдгээ “Талибан” мэдэгдсэн аж. Харин сүүлийн саруудад Афганистаны зүүн нутагт нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож байгаа “Лалын улс” бүлэглэл хараахан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт үйлдсэнийг дэлхий дахин зэмлэн буруушаасаар байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд өнөөдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай утсаар ярин эмгэнэл илэрхийлжээ.

АНУ-ын 8400 орчим цэрэг, НАТО-гийн холбоотнуудын 5000 цэрэг Афганистанд байгаа билээ.

“Талибан” бүлэглэлийг дарахын тулд Афганистан руу хэдэн мянган цэргийг буцааж илгээхийг Пентагон Ерөнхийлөгч Д.Трампаас хүссэн гэх мэдээлэл байна. Одоо Афганистаны нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг гаруй хувь нь босогчдын хяналтад байгаа аж.
 
Г.Доржханд
相关新闻