Зайрмагтай жүжигт хүүхдүүдийг урьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-01 15:26:08
Дундговь/МОНЦАМЭ/ Хүүхдүүд зайрмаг амтархан хүүхэлдэйн жүжиг үзсэн нь өнөөдрийн онцлох нэг мөч байлаа. Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын багш нар анх удаа хүүхэлдэйн жүжиг тоглуулсан нь тус театрын хүүхдүүддээ барьсан баярын бэлэг болжээ.
Нэгэн ядуу эх дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байж гэнэ. Хүүхдүүд нь эхийнхээ үгийг дуулдаггүй, өглөөнөөс орой болтол цасан дээр тоглоно. Эх гэрийнхээ бүхий л ажлыг ганцаар хийж ихэд ядарна. Нэгэн өдөр тэр хүндээр өвдөж, хүүхдүүдээ дуудан “Миний бие их муу байна. Ус авчирч өгөөч” гэхэд хүүхдүүд ээжийнхээ үгийг тоосонгүй. Эх ихэд гомдож, шувуу болон хувираад овоохойноос нисэв. Хүүхдүүд эхийнхээ хойноос гүйлдсэн боловч шувуу болсон эх “Гүүг гүүг. Оройтжээ. Одоо миний өмнө нуурын ус мэлтийн харагдаж байна. Тэр усаар би өөрийгөө эмчилнэ. Хэзээ ч гэртээ буцаж очихгүй” гээд нисэн одож гэнэ. Ингээд хөхөө шувуу өөртөө үүр засдаггүй, ангаахайгаа өсгөдөггүй болжээ хэмээх домог үлгэрээс сэдэвлэн “Шувуу эмэгтэйн түүх” хүүхэлдэйн жүжиг бүтжээ. Жүжгийн дүр хүүхэлдэйнүүд болон тайз заслыг хүүхдийн театрын багш нар өөрсдөө урлаж, анхны үзэгчдээ ийнхүү баярын нь өдөр амтат зайрмагаар дайлан урьсан байна.  
 
Т. Отгонтуяа 
 
相关新闻