О. Бат- Эрдэнэ: Аймгийн Засаг даргын хувьд “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-01 14:18:02
 Дундговь/МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өнөө жил “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээрээ нэгдэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөрт зориулсан үйл ажиллагаа өнөө өглөө хүүхдийн эрхэд хүндэтгэл илэрхийлсэн жагсаалаар Мандалговь хотод эхэлсэн юм.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл тэргүүлэн Мандалговьд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олон болон сурлага, урлаг, спортын амжилтаар тэргүүлж яваа хүүхдүүд, өсвөрийн улаан загалмайчид, скаутууд жагсаалд эгнэж,хүүхдийн эдлэх эрхийг тунхаглан, тэдний эсрэг хүчирхийллийг зогсооход дуу хоолойгоо нэгтгэсэн нь өнөөдрийн өнгө төрх байлаа.
 Мандалговийн төв замаар өрнөсөн жагсаал Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Г. Чагдаржавын нэрэмжит талбайд хүрэлцэн ирснээр өндөрлөсөн. Жагсаалыг залган “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт эхэлсэн бөгөөд тоглолтын эхэнд аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ  хуран цугласан хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ, 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт хүүхдийн эрхийн төлөө ямар ажил тусгасан талаар онцолсон. Тухайлбал, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, гэр бүл, хүүхдийн хамгаалагдах орчныг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон хүүхдийг гэмт хэрэг, осол зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр,  төрийн бус байгуулагыг татан оролцуулж, салбар дундын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд гол анхаарал хандуулж байгааг дурьдав. “Үүний эхлэл болгож, энэ онд “Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” аймгийн хүүхдийн 11- р чуулганыг зохион байгуулж,  аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор Хүүхдээ сонсох өдөртэй болсон. Ингэснээр хүүхэд өөрт тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлагуудад дуулгаж, түүнийг шийдвэрлүүлэхийн төлөө санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бүрдүүлсэн” гээд "Хүүхдийн нүднээс томчууд бид гуниг харууслыг харах ёсгүй. Гэрэлт сайхан ирээдүйг нь аюулгүй, амар тайван, гуниг гутралгүй, аз жаргал дүүрэн байлгахын төлөө хэн бүхэн зүрх сэтгэлээ зориулах учиртай” хэмээлээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаа хүүхдэд зориулсан тэмцээн уралдаан, хөгжөөн наадаанаар Мандалговийн төв талбайд үргэлжилж байна.
 
Т. Отгонтуяа
 
 
2017.06.01 Мандалговь хот                                                                                            Гэрэл зургийг Т. Энхцэцэг
 
 
相关新闻