А.Түвшинжаргал: Иргэдээ ажилтай, орлоготой болгох хөтөлбөрт 100 сая төгрөг баталсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-30 14:57:47
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын талаар ярилцлаа.
- “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр хэнд чиглэсэн бэ? 
-Бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар үйл ажиллагааг тусгах хэрэгтэй талаар иргэдээсээ санал асуулга авсан. Дийлэнх нь иргэдийг ажилтай, орлоготой болгох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа нь санал асуулгын дүнд харагдсан юм. Тиймээс бид 14 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулж судалгаа хийж, хөтөлбөр боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Орхон аймаг нийт 28 мянга гаруй өрхтэй. Эдгээрээс өрхийн нэг ч гишүүн нь хөдөлмөр эрхэлдэггүй 2800 гаруй айл байгааг судалгаагаар тогтоосон. Тиймээс эдгээр  2800 гаруй өрх болон ажлын байр хэрэгтэй байгаа бусад иргэн, өрхөд зориулж “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийг боловсруулж баталлаа. Хөтөлбөрийн үндсэн зорилго бол иргэдийг ажлын байртай болгох, ажилд зуучлах, мэргэжилтэй болгох. Үүний хүрээнд төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх компаниудыг ажиллах хүчээ орон нутагт бүртгэлтэй ажилгүй иргэдээс бүрдүүлэх шаардлага тавих зэрэг ажлуудыг 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. 
- Хөтөлбөрийг ямар хугацаанд хэрэгжүүлж, хэдий хэмжээний төсөв зарцуулах вэ? 
-Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ-ын хурлын хуралдаанаар 100 сая төгрөг баталчихаад байна. Энэ нь хангалттай төсөв биш. Тиймээс нэмж мөнгө батлахаар ярилцаж байна. “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр нь дунд хугацааны хөтөлбөр. 2017-2018 он, 2019-2020 он гээд хоёр үе шатаар хэрэгжих юм.
-Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ? 
-Хөтөлбөрийн үр дүнд дээр дурдсан 2800 гаруй өрхийн хөдөлмөрийн насны иргэдийг мэргэжилтэй, ажилтай болгосон байна. Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжсэн бэ зэрэг үзүүлэлтээр үр дүн харагдана. 
-Ажил, хөдөлмөр эрхлэх гэдэг бол тухайн хүний хүсэл сонирхлоос их шалтгаалдаг.  Тэгэхээр хамрагдах хүмүүсийнхээ хандлагыг өөрчлөх талаар хөтөлбөр заалт тусгасан уу?  
-Ажлын байр бий болгохоос өмнө мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд нилээд сайн анхаармаар юм байна. Манай аймагт ХАА-МСҮТ, Орхон-МСҮТ үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бололцоо өндөр бий. Бид ч хөтөлбөр боловсруулах явцдаа дээрх байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож ойлголцолд хүрсэн. Ингээд иргэдийгээ мэргэжилтэй болгочихвол ажилд зуучлах үйл явц илүү хялбар болно.  Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд 18 дэд хөтөлбөр хэрэгжүүлэх талаар туссан. Эдгээрээс хамгийн том “хүлээлт”-тэй байгаа нь “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөр. Товчхондоо бол Нэг өрхийг-Нэг ажлын байраар хангая л гэж байгаа юм. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээрээ иргэдээс авсан санал, батлан хэрэгжүүлж буй бодлогын маань 30-40 хувийг нь гүйцэлдүүлнэ гэж ойлгож байгаа. Цаашид бид үүнийг илүү өргөжүүлэх үүднээс олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, “Итгэлийн зээл”-ийг хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах судалгааг хийж байна. Мөн Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийг ч ялгаагүй “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн хүрээнд олгодог дэмжлэг болгох боломжийг судалж байна. 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻