Зүүн бүс нутгийн нуур цөөрөм олноор ширгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-30 13:57:47
Дорнод /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас эмхэтгэн гаргасан Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд зүүн бүс нутгийн олон гол цөөрөм ширгэж үгүй болсон талаар дурджээ. Өнгөрсөн оны усны тооллогын дүнгээс харахад улсын хэмжээнд нийт 2245 нуур, тойром тоологдсоноос 16,7 хувь нь буюу 376 нь ширгэсэн байна. Үүнээс зүүн бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт 828 нуур, тойром байгаагаас 264 нь ширгэжээ. Харин баруун бүсийн аймгуудад 505 нуур, тойром байгаагаас 15 нь ширгэсэн байна.
Монгол орны нийт 78,6 хувь цөлжилтөд идэгдсэн. Цөлжилтөөс үүдэж гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэж устаж байгаагаас гадна зүүн гурван аймгийн хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр говь, хээрийн бүс нутагт усны хэрэглээг олон мянган жилийн турш нөхөн сэргээгддэг гүний усаар хангаж байгаа нь үүнд хүчтэй нөлөөлж байгаа юм. 
Д.Дэлгэрмаа
相关新闻