Монгол, Японы уран бүтээлчид тоглолтоо Ц.Батчулуун агсны дурсгалд зориулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-25 14:49:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Японы алдарт бүжигчин, МУСТА Азума Канхо тэргүүтэй язгуур урлагийнхан Монголын уран бүтээлчдийн хамт "Талын баясгалан" тоглолтыг маргааш Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулах юм. 

Тодруулбал, 15 жилийн өмнө, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор анх удаа хоёр орны урлагийн томоохон зүтгэлтнүүд хамтран тоглолт хийж байжээ. Харин үүнээс хойш Их Монгол Улс байгуулагдсаны ойн баяруудад нийт таван удаа дээрх тоглолтыг толилуулжээ.
 
Энэ удаагийн тоглолтод манай талаас Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч, бүжигчин, СТА Д.Энхгэрэл, Монгол Улсын Морин хуурын чуулга, Соёл урлагийн их сургуулийн оюутнууд, Шинэ Монгол сургуулийн бага ангийн сурагчид оролцох юм.
 
Хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг харуулах энэхүү тоглолтыг хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг тууштай дэмжиж, биечлэн удирдаж байсан Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч Ц.Батчулуун агсны гэгээн дурсгалд зориулж буйгаараа онцлогтой.

Түүнчлэн Азүма Канхогийн дэглэлтээр СУИС-ийн Бүжгийн Урлагийн сургуулийн 21 оюутны оролцсон “Ёосакой Сооран”, ЕБС-ийн Шинэ Монгол сургуулийн 7 сурагчийн “Сакура” Япон бүжгийн уран бүтээлийг толилуулах юм.
 
Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд тасалбарыг 77118515, 93116667 дугаарын утсаар лавлах боломжтой.
Ж.Болор
相关新闻