Өмнөговьчууд аялал жуулчлалын төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-25 09:24:38

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт олон улсын жишигт нийцэхүйц “Аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн төв"-ийг аймгийн “Мэдээлэл холбооны газарт” байгуулахаар ажиллаж байна.  Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК-ны хамт олон аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарч дээри ажлыг хийхээр болжээ.

Энэхүү аялал жуулчлалын цогцолбор төвийг бий болгох ажил нь орон нутагт анхдагч төдийгүй иргэдийн хүлээлттэй байгаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгцээтэй мэдээ мэдээллийг нэг дороос авах цогц үйлчилгээг төвлөрүүлэхээрээ онцлог юм.

Тухайлбал номын сан, интернэт кафег байгуулж тохижуулахын зэрэгцээ монголын үзэсгэлэнт газар, төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ, авто тээврийн үйлчилгээ, жуулчны бааз, рестораны талаарх дэлгэрэнгүй мэдээллийн санг бий болгож гадаад дотоодын жуулчид, иргэдэд цахим шуудан, ТҮЦ машин, лавлах утсаар мэдээллийг өгч үйлчилнэ.

Энэхүү мэдээллийн төвийг байгуулах ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр танилцаж, санал солилцлоо.

Д.Мишигсүрэн


相关新闻