Зоорь барих иргэдэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг Ерөнхий сайдад дуулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-22 18:36:49
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Орхон  аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Тэрээр тус сумын “Хангал гол” бүлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус бүлэг  нь 1996 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар  30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж  60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж байна.
“Хангал гол” бүлгийн ахлагч Л.Ганбат хэлэхдээ “Манайх 10 гаруй нэр төрлийн ногоо тариалж байгаа. Жилд 450 орчим тонны ургац хурааж 60 гаруй хувийг нь нийслэлд борлуулж байна. Манай бүлэг ногоогоо хадгалах зоорийн асуудлаа нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа. Иймд зоорь барих иргэдэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ.  Мөн тариалан эрхлэгчид Засгийн газраас төмс, хүнсний ногоонд урамшуулал олгох, техникийн шинэчлэлд зориулсан урт хугацааны лизингийн зээл олгох,  Хангалын голын усанд цэвэршүүлсэн байгууламж барих хэрэгтэй байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хангал гол” бүлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ цаашид хөрс хамгааллын технологийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Учир нь тариаланчдаас хөрсний үржил шим алдагдах, цөлжих үзэгдэл их байгаа талаар олон санал гаргасан гэнэ. 
Мөн Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн Сайд П.Сэргэлэн хамт явсан. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Засгийн газраас Атрын-III аяныг хэрэгжүүлж байгаа. Урьд нь ихэнх дэмжлэг улаан буудай тариалсан ААН-үүдэд чиглэдэг байсан. Тэгвэл Атрын-III аяны хүрээнд бид хүнсний ногоо эрхлэгчдээ түлхүү дэмжих болно. Одоогоор хүнсний ногоо эрхлэгчдэд шатахуун, үрийн дэмжлэг олгогдож байна. Мөн ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ. Үүгээр хүнсний ногоо эрхлэгчдээ 100 хувь хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна” гэсэн юм.
Орхон аймаг энэ онд 3840 га талбайд тариалалт хийж буй. Үүний 3580 га-д үр тариа, 380 га-д төмс, 348 га-д хүнсний ногоо тариалах юм. Өнөөдрийн байдлаар үр тарианы 80 орчим, төмсний 30, хүнсний ногооны 20 орчим хувийг тариалаад байгаа талаар ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий  ярьлаа. Аймгийн хэмжээнд 27 ААН, хоршоо, 600 орчим өрх газар тариалан эрхэлж байна. Үүнээс Жаргалант суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоо 8, бүлэг 3 байна.  Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут Жаргалант сумын “Сум хөгжүүлэх сан”-д 60 сая төгрөгийг тариалан эрхлэгчдэд олгох зорилгоор нэмж тусгаж буйгаа дуулгалаа.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 
相关新闻