Австралийн тэрбумтан буяны үйлст 300 сая доллар хандивлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ. /BBC/. Австралийн уул уурхайн магнат Эндрю Форрест болон түүний эхнэр Никола нар буяны үйлст зориулан 400 сая австрали доллар /229 сая фунт стерлинг; 298 сая ам.доллар/ хандивлана гэдгээ мэдэгдлээ.
Ерөнхий сайд Малкольм Тернбулл хэлэхдээ "энэ бол тус улсын түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн бэлэг бөгөөд австрали хүний амьд ахуйдаа өгсөн хамгийн том хандив" гэсэн байна.
Ерөнхий сайд Малкольм Тернбулл хэлэхдээ "энэ бол тус улсын түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн бэлэг бөгөөд австрали хүний амьд ахуйдаа өгсөн хамгийн том хандив" гэсэн байна.
Уг мөнгийг хорт хавдартай тэмцэх, их сургуулийн боловсрол олгох болон уугуул иргэдийн асуудлыг шийдэхэд зарцуулах ажээ.
"Fortescue Metals" компанийн эзэн Э.Форрест ийнхүү хүмүүнлэгийн салбарт нэгэн шинэ түүхийг бүтээлээ. 5.8 тэрбум австрали долларын цэвэр хөрөнгөтэй Э.Форрест ярихдаа "эхнэр Николагийнхаа хамт хөрөнгө хуримтлуулж дараа нь бусдад өгч эхлэх боломжтой болж байгаадаа би их баяртай байна” гэжээ.
Өдгөө 55 настай бизнес эрхлэгч Э.Форрест Австралийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлээр 1983 онд төгсчээ. Сургуульдаа “туниа муут” хочтой байсан хүү уул уурхайн бизнесээ 1994 онд эхлүүлсэн бөгөөд есөн жилийн дараа төмрийн хүдрийн Fortescue компаниа байгуулсан байна.
Э.Форрест Австралийн хамгийн баян хүнээр тодорч байсан бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ тус улсын уул уурхайн салбар огцом хөгжиж байсан 2008 онд оргилдоо хүрч байв.
2013 онд АНУ-ын тэрбумтан Билл Гейтс болон Уоррен Баффет нарын санаачилсан "Giving Pledge" аянд нэгдсэнийхээ дараа тэрбээр хөрөнгөнийхөө доод тал нь 50 хувийг буяны үйлст зориулна гэдгээ амласан юм.
Х.Сарнай