Сан-Паулу хотын гудамжин дахь хар тамхины захыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-22 15:04:58
БРАЗИЛИА. /BBC/. Олон жилийн турш нунтаг кокаины борлуулалт, хэрэглээ чөлөөтэй байсан Сан-Паулу хотын төвд хар тамхи хууль бусаар худалдсан хэргээр 40 орчим хүнийг баривчилсан байна. Баривчлах тусгай ажиллагаанд 500 орчим цагдаагийн албан хаагчид оролцжээ. 

Уурлаж бухимдсан хар тамхинд донтогсод гудамжинд байсан автомашинуудыг эвдэж сүйтгэн, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байжээ.

Сан-Паулу хотын  дарга, баруун төвийн үзэлт Жоао Дориа хэлэхдээ "уг ажиллагаа нь Краколандиа буюу Кракланд гэдгээр нь сайн мэдэх хар тамхины зах дахь эх захгүй байдлыг төгсгөл болгосон" гэжээ. Харин шүүмжлэгчдийн үзэж байгаагаар, уг ажиллагаа нь үүссэн асуудлыг хотын өөр бусад дүүргүүд рүү шилжүүлэхээс цаашгүй аж.

Сүүлийн 10 жилийн турш хар тамхины ил задгай зах болоод байсан Лузын галт тэрэгний буудлын ойролцоох барилгуудыг буулгаж, гудамжнуудыг дахин төлөвлөж тохижуулна гэж хотын дарга Дориа амласан байна.

Харин Сан-Пауло хотын захирагч Жералдо Алкмины хэлснээр, сэргээн засах төвүүдэд хар тамхинаас хамааралтай болсон хүмүүсийг эмчлэхэд зориулан 3 мянган ор гаргаад байгаа аж. 

Өмнө нь Сан-Паулу хотын даргаар ажиллаж байсан, зүүний үзэлт Фернандо Хаддад цагдаагийн хүч хэрэглэхгүйгээр хар тамхинд донтолтыг эмчлэх хөтөлбөр гаргаад байсан аж. Гэвч олон хүн үүнд дургүйцэж, Бразилын хамгийн том хотын ихэнх оршин суугчдын хувьд очихын аргагүй газар болоод байсан Кракландыг цэгцлэх талаар ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж шаардаж байв.
Х.Сарнай 

 


相关新闻