Болгар-Румыны хил дээр 36 сая долларын хар тамхи хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-22 12:57:45
 
СОФИ. /Xinhua/. Румын улстай хиллэдэг Видин хотын ойролцоох “Danube Bridge” шалган нэвтрүүлэх цэг дээр Болгарын хууль сахиулагчид 423 кг героин хураан авсан байна. 

Тус улсын Гаалийн ерөнхий газрын дарга Георгий Костов хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, ням гарагийн өглөө Болгараас Нидерланд руу дээврийн хавтанцар тээвэрлэж явсан Болгарын ачааны машинаас тусгайлан савласан 400 уут мансууруулах бодис илрүүлсэн тухай мэдээлжээ. 

Хураагдсан хар тамхи нь бараг 70 хувийн цэвэр героин байсан бөгөөд хар зах дээр 36 сая ам. долларын үнэд хүрэх аж.

4 дүгээр сард Болгарын холбогдох албаныхан Иранаас Польш руу шувууны тэжээл тээвэрлэж явсан ачааны машинд нуусан 214 кг героиныг хураан авч байсан юм. Албан ёсны мэдээллээр, Болгар улсад 2016 онд 500 гаруй кг героин хурааж авсан ба тус улс нь Азиас Европ руу хар тамхи нийлүүлэх гол дамжин өнгөрөх замын нэг ажээ.

Х.Сарнай
 
相关新闻