Арабын орнууд Д.Трампын охины буяны санд 100 сая доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-22 11:22:29
НЬЮ-ЙОРК./TASS/. Саудын Арави болон Арабын Нэгдсэн Эмирт улсын /АНЭУ/ эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын охин Иванка Трампын байгуулах гэж буй буяны байгууллагын дансанд нийтдээ 100 сая доллар шилжүүлнэ гэж амлажээ. Энэ тухай ням гарагт CNN телевиз мэдээлсэн байна.

Тус телевизийн мэдээлснээр, Иванка Трамп 4 дүгээр сард Берлинд айлчлах үеэрээ Ойрхи Дорнодын бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд зээл олгох зорилгоор тусгай сан байгуулах санаачилгыг гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Wall Street Journal сонинд бичсэнээр, энэхүү буяны байгууллагын менежментийг Дэлхийн банк хийх аж. Тус санг үүсгэн байгуулах үйл явц одоогоор бүрэн дуусаагүй байна.

Иванка Трамп Америкийн төрийн тэргүүний туслахаар ажилладаг ба тэрбээр үүнээс өмнө гоёлын эд зүйл, гутал, жижиг хэрэглэл үйлдвэрлэдэг бизнес эрхэлж байсан юм. Тэрбээр сонгуулийн кампанит ажлаа явуулахад нь эцэгтээ идэвхтэй тусалж, цуглаанд оролцож, олон нийтийн өмнө үг хэлж байв. .

Ерөнхийлөгчийн хоёр хүү болох Эрик ба бага Дональд нартай хамт Иванка барилгын бизнес эрхэлдэг “Trump Organization” компанийн гурван дэд захирлынх нь нэгээр ажиллаж байсан юм. Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын дараа Иванка гэр бүлийнхээ компанид хашиж байсан албан тушаалаасаа татгалзжээ.
О.Барс 

 

 

 


相关新闻