Дэлхийн рагбигийн боссууд Улаанбаатарт чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-17 11:54:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн рагбигийн холбоо /АРХ/-ны хагас жилийн хурал Улаанбаатар хотноо энэ сарын 19-21-нд болно.

Монголын Рагбигийн Холбоо /МРХ/ 2003 онд байгуулагдаж энэ спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдэн, олон улсын чанартай тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож ирсэн төдийгүй АРХ-ны гишүүн байгууллага юм. Тэртээ 1823 онд анх үүссэн рагбигийн спорт нь та бүхний сайн мэдэх Америк хөл бөмбөгийн суурийг тавьсан түүхтэй. Рагби нь бяр хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил гээд Монгол хүний бие бялдар, зан чанарын олон чадамжид нийцэхээс гадна багаар ажиллахыг дээд зэргээр шаарддаг.

Рагби нь сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хамгийн хурдацтай хөгжиж буй багийн спортоор шалгараад байгаа бөгөөд 4 жилд нэг удаа зохиодог ДАШТ нь албан ёсны статистикаар зуны олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ-ийн дараа эрэмбэлэгддэг дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг спорт юм.

Рагби спорт нь 2016 оны Олимпийн наадамд албан ёсоор багтсанаар дэлхийн хамгийн чансаа өндөр орнууд төдийгүй уг спортын хувьд шинээр хөгжиж буй орнууд медаль хүртэх боломж нээгдэж рагби сонирхогч, хичээллэгчдийн тоо эрс нэмэгдсэн. 2015 Рагбигийн ДАШТ-ийг АлиБаба группын удирдлагууд үзэж сонирхсоны дараа БНХАУ-ын Рагбигийн хөгжилд зориулан 10 жилийн хугацаанд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.



Энэ удаагийн Улаанбаатар хотноо болох хурал нь дэлхий дахинд хамгийн их танигдсан Рагбигийн ДАШТ Ази тивд анхлан буюу Япон улсад 2019 онд, мөн олимпийн наадам тус улсад 2020 онд зохион байгуулахын өмнө болж байгаа нь Монгол Рагбиг олон улсад таниулан сурталчилах, томоохон холбоодтой хамтын ажиллагааг улам нягт болгох ач холбогдолтой юм.

МРХ нь Азийн топ гуравт багтдаг Хонконгийн Рагбигийн холбоотой хамтын ажиллагаатай бөгөөд Монголын шигшээ багийн 4 тамирчин Хонконгийн дээд лигт уригдан тоглож байсан юм. Мөн БНХАУ-ын РХ-той хамтран Монгол-Хятадын шигшээ багуудын хооронд 2015 онд тоглолт болж байв. Уг хамтын ажиллагааг өргөжүүлж 2017 оноос өсвөрийн шигшээ багуудын тоглолтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Тус хурлын үеэр дараагийн буюу 2023 оны Рагбигийн ДАШТ зохион байгуулахыг зорьж буй дэлхийн рагбигаар тэргүүлэгч улсууд болох Францын Рагбигийн Холбоо, Өмнөд Африкийн Рагбигийн Холбоо болон Ирландын Рагбигийн Холбооны дээд удирдлагууд хүрэлцэн ирж Азийн гишүүн орнууддаа өөрсдийн танилцуулгаа хийн 2023 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх юм.
 
Д.Өлзий
相关新闻